Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн нээлтийн үеэр тэмээний уралдаан зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-02-28 11:22:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг энэ жилийг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил-2019" болгон зарлаж, өчигдөр нээлтийг нь хийн,  энэ үеэрээ тэмээний уралдаан зохион байгууллаа.

 Уралдаанд 65 атан тэмээ уралдсанаас аймгийн алдарт уяач,  Ноён сумын, малчин Отгонбаярын шар ат түрүүлж, аман хүзүүнд аймгийн алдарт уяач, Мандал-Овоо сумын малчин Ю.Мягмарын хүрэн ат, айргийн гуравт  аймгийн алдарт уяач  Гурвантэс сумын Н.Мэндбаярын улаан ат, айргийн дөрөвт  с умын алдарт уяач, Сэврэй сумын Б.Баяржаргалын шар ат, айргийн тавд аймгийн алдарт уяач, Сэврэй сумын Орхончулууны улаан ат хурдалжээ. Мөн битүү шүдтэй тайлаг 25, тором 37 уралдаж тэмээний баярын арга хэмжээг чимлээ.  Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж энэ удаагийн тэмээний уралдаанд зөвхөн Өмнөговь аймгийн уяачид оролцжээ.

"Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил-2019" -ийн нээлт гурав хоног үргэлжлэх бөгөөд энэ сарын 28-нд малчдын зөвлөлгөөн, гуравдугаар сарын нэгэнд "Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд малчдын оролцоо" бизнес экспо болох юм. 

Энэ жилд малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглэсэн 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ.

Холбоотой мэдээ