KFC-д хийсэн шинжилгээний хариу энэ сарын 18-нд гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-02-15 15:39:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-ын мэргэжилтнүүд KFC сүлжээ хоолны газрын Зайсан дахь салбарт хийсэн хяналт шалгалтын явцын талаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл өгөв.

Хан-Уул дүүргийн Зайсанд байрлах KFC салбарт энэ сарын 8-11-нд хоол идсэн 16 хүн ойр ойрхон бөөлжих, гүйлгэх, дотор муухайрах, өндөр халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэгтэй хүмүүс эмчлүүлж байна хэмээн ХӨСҮТ-ийнхөн мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлжээ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс 3 байцаагч Зайсан дахь KFC салбарт ажилласан байна. Энэ хугацаанд тус салбарын тоног төхөөрөмж, эд зүйлийн гадаргуугаас 20 эрүүл зүйн арчдас, 39 төрлийн хоолны дээж, ундны усны 2 дээж, агаарын 5 сорьц, хэрэглэж байсан ундааны 4 сорьцыг авч төв лабораторидаа шинжлүүлжээ. Мөн тухайн салбарын 28 хүнээс ХӨСҮТ-өөс нян тээгч илрүүлэгч шинжилгээг авсан бөгөөд албан ёсны хариу ирээгүй байгаа аж. 

ХӨСҮТ-өөс албан ёсны мэдээлэл ирүүлээгүй, хоолны дээжээс авсан шинжилгээний хариу хараахан гараагүй тул энэхүү мэдээлэлд тайлбар өгөлгүй өдийг хүрсэн. НМХГ-ын төв лабораторийн албан ёсны хариуг энэ сарын 18-нд өгнө гэдгийг НМХГ-ынхан тайлбарлалаа. 

Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу Зайсан KFC салбарын үйл ажиллагааг түр зогсоох хүсэлтийг прокурорын газарт хүргүүлсний дагуу энэ сарын 13-наас үйл ажиллагааг нь зогсоожээ. 

KFC түргэн хоолны газар нь 12 салбартай бөгөөд хордлого юунаас гарсныг хараахан тогтоогоогүй учраас бусад салбарыг шалгахгүй байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Зайсангийн KFC салбарт 2017 онд хийсэн төлөвлөгөөт шалгалтаар бага эрсдэлтэй, 2018 онд дахин шалгахад дунд эрсдэлтэй хэмээн гарч байжээ. KFC түргэн хоолны газар үндсэн бүтээгдэхүүн буюу тахианы махаа БНХАУ-аас импортлодог байна.  

Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуульд заасны  дагуу тухайн гэм буруутай этгээд учруулсан хохирлыг нь нөхөн төлөх  эрхтэй. Тиймээс гэм буруутай газар тухайн иргэнд гарсан бодит хохирлыг нөхөн төлнө гэдгийг мэргэжилтэн хэллээ.

Түүнчлэн “Home Plaza KFC” салбараас хоолны хордлого авсан нэг иргэний мэдээлэл өчигдөр буюу энэ сарын 14-нд ирсэн бөгөөд дээж авч, шинжилж байгаа аж.  

Энэхүү асуудлаар "Таван Богд фүүдс" ХХК  дараах мэдэгдэл гаргажээ. 

Холбоотой мэдээ