Jyllands-Posten: Африк тив Орос, Хятад, АНУ гурвын өрсөлдөөний талбар болжээ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-02-14 12:27:45

ОХУ болон Хятад улс сүүлийн жилүүдэд Африк тив дэх улс төр, эдийн засаг, цэргийн оролцоогоо улам тэлсээр байна. Хятадууд Африкийн орнуудыг барьцаанд оруулаад байгаа бол оросууд НҮБ-д олон санал авахын тулд африкчуудад зэвсэг, эрчим хүч нийлүүлдэг гэж АНУ буруутгаж байгаа аж. Гэхдээ Орос улсад өөр зорилго бий бөгөөд тэр нь ЗХУ задарсны дараа тасарсан харилцаагаа сэргээх явдал юм гэж Данийн Jyllands-Posten сонины сэтгүүлч Хейди Плоугсгор (Heidi Plougsgaard), Марие Луизе Альберс (Marie Louise Albers) нар дүгнэн бичжээ.


Өнгөрсөн долоо хоногт зимбабвечууд өглөө сэрэнгүүтээ дэлхийд хамгийн өндөр үнэтэй бензин хэрэглэж байгаагаа мэдээд өргөн хэмжээний эсэргүүцлийн ажиллагаа явуулж эхэлсэн боловч засгийн газар тэднийг хатуу гараар дарлаа.  Хаалт бэхлэлт босгож, дугуй шатааж байсан эсэргүүцэн тэмцэгчид рүү цагдаа нар буудаж байх тэр үед ийм нөхцөл байдал үүссэний хариуцлагыг хүлээх ёстой хүмүүс огт үзэгдсэнгүй.


Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва улс орныхоо эдийн засагт шаардагдаж буй зээлийг олохоор Кремлийн зүг мордож, Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзлаа.

2014 онд Крымыг өөртөө хавсарган нэгтгэсний улмаас барууны орнуудтай тогтоосон харилцаа нь зогсонги байдалд орсноос хойш В.Путин Африк тивийн удирдагчидтай шинэ маягийн харилцааг идэвхтэйгээр тогтоож эхэлсэн билээ. Орос улсад стратегийн шинэ түншүүд хэрэгтэй болсон ба цэргийн салбарт хэд хэдэн гэрээг шинээр байгуулснаар Африк дахь Оросын оролцоо маш хурдан бэхжиж, барууны орнуудыг ардаа хол орхилоо. 

Оросын хувьд Африк тивд Хятадтай адил эдийн засгийн нөлөөгүй боловч хямд зэвсэг нийлүүлж, аюулгүй байдлын салбарт нарийн ширийн мэдлэг чадварыг африкчуудад эзэмшүүлж байгаагаас гадна ашигт малтмал олборлох талаар туршлагатай Оросын төрийн өмчийн компаниудыг илгээх боломжтой.    


Оросуудын тавьсан дээрх саналуудыг дарангуйлагч дэглэм бүхий Судан болон Төв Африкийн Бүгд найрамдах улс /ТАБНУ/ дуртайяа хүлээж авлаа.


Сүүлийн долоо хоногуудад Суданд дэгдсэн эмх замбараагүй байдлын үеэр 40 орчим хүн амиа алдсан бөгөөд энэ үеэр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сөрөг хүчний удирдагчид мэдээлэхдээ “тус улсын нийслэл Хартум хотын гудамжнуудад Оросын хөлсний цэргүүд үзэгдсэн” гэжээ. Оросууд Суданы тагнуулын албаны ажилтнуудыг бэлтгэн сургаж байснаас гадна тус улсын төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаа тухай дээрх мэдээлэлд дурджээ.

Оросын гурван сэтгүүлчийг хэн буудаж хөнөөв?


Өнгөрсөн зун ТАБНУ-д Оросын гурван сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэг гарсны дараа Африк дахь Оросын оролцоо идэвхжиж байгаад дэлхий дахин анхаарлаа хандуулах болсон юм.


Тэдгээр сэтгүүлчид Оросын цэргийн хувийн компаниуд дайнд нэрвэгдсэн ТАБНУ-д ямар үйл ажиллагаа явуулж буйг сурвалжлахаар иржээ. Төдийлөн судалж сурвалжилж амжаагүй байх үед нь тэдний замд отолт хийж, буудан хөнөөсөн байна. Дээрэмдэх зорилгоор уг аллагыг үйлдсэн гэсэн дүгнэлтийг ТАБНУ-ын эрх баригчид хийжээ. Гэтэл энэ хэрэг гарахаас өмнө Оростой холбоотой цагдаа нар сэтгүүлчдийн араас мөшгиж байсан тухай СNN-ийн бэлтгэсэн баримтат кинонд өгүүлсэн байдаг.  


Орос улс ТАБНУ-д цэргийн оролцоогоо бэхжүүлж байгаа гэдэг нь эргэлзээгүй болсон. Оросууд тус улсын Аюулаас хамгаалах хүчнийг бэлтгэн сургаж байгаа бол дараагийн удаад тус улсад байнгын цэргийн баазаа байгуулж магадгүй тухай хэвлэлүүдэд бичиж байна. Түүнээс гадна Жибути дахь Хятад ба АНУ-ын цэргийн баазын ойролцоо газарт Хойд Африкийн Эритрей улсад материал-техникийн хангамжийн бааз байгуулах төлөвлөгөө оросуудад бий.


“НҮБ-ыг харсаар байтал Орос улс ТАБНУ-д зэвсэг, сум хэрэгсэл нийлүүлж, тус улсын цэргийнхнийг сурган бэлтгэсээр байна. Суданы засгийн газар үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө Оросын иргэнийг ажиллуулж байгаа бол Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны ажилтнууд нь оросууд юм” гэж Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс /БНАКУ/дахь сөрөг хүчний удирдагч Кристиан Маланга “Юлландс-постен” сонинд цахимаар илгээсэн захидалдаа дурджээ. БНАКУ-д Орос, Хятад хоёрын аль алиных нь улс төр, эдийн засгийн нөлөө тэлсээр байгаа билээ.


Маланга үр дагаврын талаар сэрэмжлүүлж байна


“Орос улс Африкийн орнуудын аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэхийг оролдож эхэлж байна. Африкийн удирдагчдыг Барууны орнуудаас хөндийрүүлэн, хямдхан зэвсэг ба улс төрийн үнэнч байдал гэсэн төсөөллөөр өөртөө татаж чадна гэж оросууд бодож байгаа бололтой” гэж Маланга дүгнэн бичжээ. 


Харин Хятадын хувьд гол зорилго нь байгалийн баялагт хяналтаа тогтоох явдал юм. Жишээ нь, Конго бол цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэхэд хэрэглэдэг кобальт гэдэг ашигт малтмалыг нийлүүлэх талаар дэлхийд тэргүүлдэг улс билээ. Бээжин кобальтын олборлолтыг дангаараа хянаж, барууны компаниудыг Конгоос шахан гаргах зорилготой байгаа гэдгийг Маланга дурдаад “Орос бол булчин шөрмөс”, “Хятад бол мөнгө” гэж нэрлэжээ. 


Юу болж байгааг барууныхан ажигласаар...


Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон үг хэлэхдээ, Африкт явуулж буй Хятад, Орос хоёрын үйл ажиллагааг шүүмжлээд, тус хоёр улсыг сөрөн зогсоход чиглэсэн АНУ-ын шинэ стратегийг танилцуулсан байна.


“Хятад, Орос хоёрын түрэмгий авир нь Африкийн эдийн засгийн өсөлтөд саад учруулж, тус тивийн орнуудын эдийн засгийн тусгаар тогтнолд заналхийлж байна” гэж Болтон хэлжээ.


НҮБ-д санал авсныхаа хариуд зэвсэг, эрчим хүчийг Африкийн орнуудад нийлүүлж буй Оросыг тэрбээр буруушаалаа. Эдгээр санал нь дарангуйлагч дэглэмүүдийг засгийн эрхэнд байлгаж, энх тайван, аюулгүй байдлыг бусниулж, Африкийн ард түмний эрх ашигт харшилж байна гэдгийг Болтон дурдсан байна. Ялангуяа Хятадыг тэрбээр маш хатуу шүүмжилжээ.


“Хятад улс хээл хахуулийг ашиглаж, ил тод бус хэлэлцээрүүд байгуулж, Бээжингийн шаардлага, төлөвлөгөөний барьцаанд Африкийн улс орнуудыг байлгаж байлгахын тулд өрийн асуудлыг ашиглах бодлого явуулж байгааг” Болтон хэлээд, Замби, Жибути улсуудыг жишээ болгов.


Хятадын хүү багатай зээлүүд


Зэсээр баян Замби улс сургууль, нисэх онгоцны буудал, олон км урт дэд бүтцийг барихын тулд Хятадаас хэдэн тэрбум доллар зээлж авсан ба өдгөө замбичууд Хятадад 10 тэрбум орчим долларын өртэй болоод байна. Тэд өрөө төлж чадахгүй нь тодорхой болсон тул хятадууд зээлсэн мөнгөнийхөө оронд Замбийн Үндэсний цахилгаан эрчим хүчний компанийг хяналтандаа авах бололтой.


Стратегийн хувьд чухал ач холбогдолтой байрлал бүхий Хойд Африкийн Жибути улс Хятадаас их хэмжээний зээл авсан бөгөөд хятадууд 2017 онд тус улсад цэргийн баазаа байгуулсан юм. Энэ бол Африк дахь Хятадын анхны бааз бөгөөд Америкийн цэргийн баазаас холгүй оршдог аж.


Өнгөрсөн онд хятадууд энэ баазаасаа лазер ашиглан Америкийн нисгэгчдэд саад учруулж байсан талаар АНУ гомдол гаргаж байжээ. Учир нь, хоёр нисгэгчийн нүд нь гэмтсэн байна. Түүнээс гадна, Жибути улс Улаан тэнгисийн ойролцоох Доралехе гэдэг чингэлгийн терминалаа Хятадад шилжүүлэн өгч магадгүй байгаа нь Бээжинд ашигтай байдлаар Сомалийн хойг дахь хүчний харьцааг алдагдуулах юм.


Кени улс ч мөн адил ийм урхинд орсон тухай зарим хэвлэлүүдэд бичсэн байна. Кеничүүд Европын цариг бүхий шинэ төмөр зам барихын тулд Хятадаас бага хүүтэй зээл авсан боловч одоо өрөө төлөх тал дээр тэдэнд бэрхшээл учирчээ. Иймээс Момбаса дахь боомтоо хятадуудад өгч магадгүй бололтой.


Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеньятта үүнийг няцаасан боловч хоёр долоо хоногийн өмнө Кенийн хамгийн том хараат бус “The Nation” сонинд Хятад-Кенийн гэрээний зарим заалтыг нийтэлжээ. Гэрээний талаар ямар нэгэн маргаан гарвал Хятадын хууль тогтоомжийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэж гэрээнд тусгасан байна. 


АНУ-ын хувьд гэвэл, Б.Обама ерөнхийлөгчөөр ажиллаж байсан сүүлийн 10 жилийн хугацаанд Африкийг хөрөнгө оруулалт хийх талбар гэхээсээ илүүтэй аюулгүй байдлын бодлогын үүднээс харж байсан. Энэ нь тус тивд чөлөөтэй хөдлөх боломжийг Хятадад олгосон бөгөөд Бээжин уг боломжийг ашиглан Африкийн орнууд болон стратегийн ач холбогдолтой боомтуудад хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан байна. Түүнчлэн Орос улс боломжийг ашиглан тус тивд үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлжээ. 


Дараагийн том төсөл


Африкийн олон оронд Хятадын “Нэг бүс, Нэг зам” гэдэг дэд бүтцийн асар том төсөл хэрэгжиж байна. Уг төслийг өөрөөр “Шинэ Торгоны зам” гэж нэрлэдэг бөгөөд Хятадыг Африк болон Европтой холбох зорилготой юм. Америкчууд үүнийг шүүмжилсэн боловч Хятадыг зогсоож чадсангүй. Дараагийнхаа төслийн хүрээнд Хятад улс Танзанид Багамойя гэдэг том боомтыг барихад олон сая доллар зарцууулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Хойд Африк дахь хамгийн том боомт болох юм.  


Өнгөрсөн оны 9 дүгээр сард болсон Хятад-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын удирдагч Ши Жинпинь хэлэхдээ, Африк тивийн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд 60 тэрбум доллар зарцуулах гэж буйгаа мэдэгдсэн. “Хятад-Африкийн хамтын ажиллагаа нь тодорхой үр өгөөжийг Хятад болон Африкийн ард түмэнд өгөх ёстой” гэж тэрбээр хэлсэн юм.

“Зөөлөн ардчилал”-д оруулсан хөрөнгө оруулалт нь үр дүнгээ өгчээ. Саяхан Кенийн эрх баригчид мэдэгдэхдээ, ирэх жилээс дунд сургуулиудын сургалтын хөтөлбөрт хятад хэлийг оруулна гэлээ. Уганда улс ч үүнтэй адил шийдвэр гаргажээ. Харин ӨАБНУ-ын сургуулиудын хичээлийн хөтөлбөрт хятад хэлийг аль хэдийнэ оруулсан билээ.


Оросууд ч мөн адил эрчээ алдахгүй байна


Москвад Путинтэй уулзсан Мнангагва зээлийн хоёр гэрээ, Зимбабвегийн алмаазны салбарт Оросын хөрөнгө оруулалтыг татах тухай гэрээ хийгээд иржээ. 

Саяхан Путин мэдэгдэхдээ, Африкийн орнуудын удирдагчид ба Оросын бизнесийн магнатуудын хооронд уулзалт зохион байгуулна гэдгээ хэлж байсан. Дэлхий дахины асуудлыг судлах Стокгольмын олон улсын хүрээлэнгийн мэдээллээр, Орос улс Африкийн орнуудын худалдаж авч буй зэвсгийн 39 хувийг нийлүүлж байгаа бол АНУ 11 хувь, Хятад улс 17 хувийг эзэлж байгаа ажээ. 


Оросуудын стратегийн бодлого нь зөвхөн нөлөөгөө өсгөхөд чиглэсэн төдийгүй ЗХУ задарсны дараа тасарсан харилцаагаа дахин сэргээх зорилготой юм.


Урьд нь Францын нөлөө хамгийн их байсан ТАБНУ-д Орос улс нөлөөгөө тэлж, Барууны орнуудын ашиг сонирхлын хүрээнд багтдаг бүс нутгуудад ч гэсэн үйл ажиллагаа явуулж чадна гэдгээ харуулахыг оролдож байна гэж Карнегийн сангийн шинжээч Пол Стронски ярьж байна.


“Африкийн томоохон тоглогчид Орос руу хандаж байгааг ойлгох хэрэгтэй. Ангол бол Оросын тал баримтлагч улс. Засгийн газар нь барууны орнуудад итгэдэггүй, барууныхныг үзэн яддаг бөгөөд Барууны эсрэг, Оросын тал баримталсан бодлогынхоо хүчинд алгуурхнаар бүс нутагтаа тэргүүлэгч болж байна” хэмээн Конгын сөрөг  хүчний удирдагч К.Маланга ярилаа.


АНУ ба Африк


Африкт мөнгө өгч буй хамгийн том зээлдүүлэгч болох Хятадтай өрсөлдөхийн тулд АНУ Африкийн талаарх бодлогоо өөрчлөх бодолтой байна.


Хэдийгээр америкчууд өнгөрсөн онд Африкт 39 тэрбум долларын хөрөнгө оруулж, хамгийн том хөрөнгө оруулагч болсон боловч Хятад улс хүү багатай, төрийн баталгаатай олгосон зээлийнхээ хэмжээгээр АНУ-аас хамаагүй давуу байгаа юм. 

Америкийн компаниуд Африкт хөрөнгө оруулахад саадгүй болгохын тулд, бизнес эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангаж, тэдэнд зээл олгох зорилгоор АНУ-ын эрх баригчид 60 тэрбум долларын хөрөнгө бүхий сан байгуулсан юм. Гэвч энэ мөнгө нь ирэх 3 жилийн хугацаанд Хятадаас Африкт зориулан зарцуулах 600 тэрбум рублийн дэргэд бага мөнгө юм. 


Стратегийн шинэ бодлогынхоо хүрээнд америкчууд Африкийн орнуудтай худалдааны гэрээнүүд байгуулж, тивийн бүх оронд тусламж өгөхийн оронд тодорхой салбарт хөрөнгө оруулахад чиглэсэн бодлого баримтлах аж. 


НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоогоо, ялангуяа Өмнөд Судан дахь үйл ажиллагаагаа АНУ эргэн харж, нягтлах бололтой. Америкчууд Африкт хөрөнгө оруулснаараа тус тивийн орнууд НҮБ-д санал өгөхөд нь нөлөөлөх боломжтой болно.

Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж: https://inosmi.ru/politic/20190201/244495043.html

Холбоотой мэдээ