Ч.Дамба: Санаандгүй тохиолдлоор нэг удаа гадаадын иргэдээс санхүүжилт олчихсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-16 15:35:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол оронд “Атар” газар эзэмшиж эхэлсэн үетэй зэрэгцэн газар тариалан, ургамлын аж ахуйн салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн олон ажлыг удирдан чиглүүлж, энэ салбарт ажиллах анхны агрономич, селекционерүүдийг бэлтгэх ажлыг хариуцан гүйцэтгэж, олон шинэ таримал сортуудыг нутагшуулсан зэрэг тариалангийн шинжлэх ухаанд олон зоримог шийдлүүдийг санал болгож, үр дүнтэй ажиллаж, газар тариалангийн шинжлэх ухааны хөгжилд тод ул мөрийг үлдээсэн эрдэмтэн, агрономич Чулууны Дамба өдгөө Дундговь аймагт амьдарч байна. Ч.Дамба хэмээх энэ эрхэм хүнтэй ярилцсан ярилцлагыг толилуулж байна.

-Таныг ХААДС-д анхны агрономичдыг бэлтгэж байсан багш нарын нэг гэж сонсож байсан. Ер нь ажил амьдралынхаа гарааг хэдийнээс эхэлж, ямар ажил алба хашиж байсан бэ? “Атар” газрыг эзэмшиж эхэлсэн тэр үе таны ажил, амьдралтай салшгүй холбоотой санагддаг.

-Би чинь 1953-1958 онд ЗХУ-ын Москва хотын Тимирязевын нэрэмжит Хөдөө аж ахуйн академид суралцсан, Монгол Улсын анхны агрономич мэргэжлийг эзэмшсэн хүмүүсийн нэг шүү дээ.

Сургуулиа төгсөж ирснийхээ маргааш л сургуульд анх явуулсан Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн боловсон хүчин дээр очвол “Чи Төв хорооны боловсон хүчин дээр оч” гэлээ. Хэлсэн ёсоор нь тэнд очвол Жадамба, Должин гэж 2 хүн байлаа. Урьд жил нь дуудагдаж уулзаж байсан хүмүүс байв. Биднийг ЗХУ- д сурч байхад хоёр жилд нэг удаа нутаг ирэх буцах гэх мэт зөвшөөрөл болон зардал олгодог байсан юм.

Төв хорооны боловсон хүчин дээр ороод нөгөө хоёр хүнийг хараад “одоо яах бол” гэж бодож байлаа. Гэтэл “За, Дамбаа чи одоо байгуулагдаад байгаа Хөдөө аж ахуйн дээд сургуульд багшаар ажиллана” гэж байна. Харин би хөдөө байдаг хэдэн сангийн аж ахуйнуудын нэгэнд очиж ажиллах хүсэлтэй байснаа хэлвэл “чи мэдэхгүй шүү” гээд  шууд “Хөдөө аж ахуйн дээд сургуулийн захиргааны мэдэлд оч” гэлээ.

Ингээд Зайсангийн аманд байдаг, тэр үеийн том сайхан ордонд орж үзэж, захирал Жамъянжав гуайтай танилцаж, ургамлын аж ахуйн тэнхимд Ц.Даваажамц багштай хамтран ажиллах болж, хичээлийн программ элдэв нарийн зүйлийг хийх гэх мэт хичээлийн бэлтгэл ажилдаа орлоо. Тэр үедээ их л сүрдэн айж, хичээл зааж байсан нөгөө олон профессоруудаа бодож ичих ч шиг, хариуцлагаас айх ч шиг болж байж билээ.

Тэнхмийн багш нараар заалгаж зүг чигээ олж, ургамлын  аж ахуй, генетикийн үндэс, селекц үрийн аж ахуй зэрэг 3-4 хичээл заан нэг жилийг давж, дараа жил нь Нянтайсүрэнгийн Лхамсүрэн ургамлын аж ахуй тэнхимийн эрхлэгч болж, энэ тэнхимээс ургамал судлалын танхим салбарлаж байсан.  1960 оны намар намайг тэнхмийн эрхлэгч болгож, би дахин хүнд ажилд орсон доо.

Би 1958-1968 онд ХААДС-д багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллахдаа агрономийн салбарын 10 гаруй төгсөлтийн 500 гаруй оюутан залууст хичээл зааж, дадлагажуулан мэргэшүүлсэн байдаг. Тэд маань атар газар эзэмших анхны мэргэжилтнүүд болж, эх орныхоо өнцөг булан бүрт үр бүтээлтэй ажиллаж, тэдний дундаас манай ХАА газар тариалангийн нэрт эрдэмтэн, гавьяатууд, агрономичид, судлаачид төрөн гарсан. Одоо өвгөн болсон би яахав дээ, шавь нараараа л бахархаж суудаг юм. Тэд маань ч одоо тэтгэврийн хөгшчүүл болсон шүү дээ.

-Та Ургамал Газар, Тариалан, Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байх аа. Хэдийнээс энэ албыг хашиж байсан бэ?, Хамт олныхоо талаар болон ажлынхаа амжилтыг бидэнтэй  хуваалцаач?

-Ингээд эрхбиш ажлын дөртэй болж байтал 1968 оны хавар ХААЯ-ны сайд М.Даш гуай дуудаж байна гэв. Очсон чинь, “чамайг Ургамал Газар, Тариалан, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн (УГТЭШХ)-д томилно, тэнд очоод Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж, эрдэм шинжилгээний ажлыг чанаржуул, арга зүй, ажлын чиглэлийг сайжруул. Эрдэм шинжилгээний хүрээлэн гэх боловч Эрдмийн зэрэгтэй хүн байхгүй”  гэж байна. “Би бас зэрэггүй шүү дээ” гэсэн чинь “чиний ажил чинь бэлэн болж байгаа биз дээ, зав чөлөөгөөрөө хамгаална биз” гэдэг байгаа.

Ингээд аргагүйн эрхэнд Зүнхараа нүүлээ. Очингуут хүн бүрийн ажлын арга зүйтэй танилцаж үзвэл үнэхээр муу, заримтай нь ярилцаж асуухад юу хийх гэж байгаагаа ч сайн ухаараагүй яваа мэт санагдаж билээ. Тэгээд л “Атар” газар эзэмшиж эхэлснээс хойших үеийн таримал ургамлын нэр төрөл, сортын нөөцийг нэмэгдүүлэх, тариалангийн хөрс хамгаалах судалгааг өргөжүүлэх, шинэ залуу ажилтнуудын мэдлэг мэргэшил, судалгаа шинжилгээний ажлын арга барилд сургах гээд маш олон ажлыг хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй болсон доо.

Үнэхээр эрдэм шинжилгээний ажил гэдэг бол ухаан билэг,  авьяас чадвар шаардсан ажил шүү дээ. Заримыг нь шууд ажлаас нь халмаар санагдаж ч байсан даа. Гэвч Даш гуайн захиснаар халаагүй, халж сольж болохгүй шүү гэснээр тэвчиж, харж байхаар орхиж, зарим нэг нь өөрсдөө учраа ойлгоод Хүрээлэнгээс гарч билээ.

Эрдмийн зөвлөлийн хурал гэж айхтар маргаан, зөрөлдөөн болна. Түүн дээр өөрийн бодол, эрдмийн ажил гэж юу юм бэ?, шиншлэх биш шинжих, судлах, элдэв үйл, үйлрэгийн бодис ургамлын амьдралын өсөх, үржихийн зүй тогтлыг олох, шинийг нээх гэж Темерязевийн ХАА-н тэнхмийн зөвлөлийн хурал дээр багш нарынхаа ухааруулж хэлж байсныг, Германы олон профессоруудын сануулж, сургаж байсныг тайлбарлаж, бараг л лекц уншдаг байлаа. Хүн бүрийн ажилд юу эрж байгааг нь тайлбарлаж өгөх зэргээр нилээд ойлголттой болгож чадсан гэж боддог. Гэхдээ л энэ бол зөвхөн эхлэл байсан юм.

-Цаашдаа өргөн хүрээний маш их ажлыг амжуулсан байх даа?

-Тэр үед манай ажилтнуудын тоо 80 гаруй, үүн дээр захиргаа аж ахуй, мал, жимсний, ногооны бригадын ажилчид, авто граж, ХАА-н техникийн хэсэг, нийт ажиллагсад, 400 шахам хүн байсан санагдана. Хүрээлэн Зүүнхараад нэг бага сургуулийн байранд ажиллаж байсан болохоор олон сектор, лабораторийн байр, ажиллах нөхцөл тун тааруу, лаборатори гэж нэр төдий, төрөл бүрийн багаж төхөөрөмж байхгүй байлаа.

Хөдөө орон нутагт эрдмийн зэрэг цолтой хүмүүс ирэхгүй, ажиллах ч боломжгүй байсан. Улсаас хөрөнгө оруулалт хийх, төсөв зардлыг нэмэх, ажилтан ажилчдад ажлын байр, орон сууц бариулах зэрэг маш өргөн хүрээтэй арга хэмжээ шаардлагатай байлаа. Хүрээлэнг иж бүрнээр нь бариулах төсөл хүртэл боловсруулсан даа. 

Үүний төлөө Бадарч захирал бид хоёр маш олон газраар орж, олон том даргын үүдийг сахиж билээ. Энэ бүхний эцэст анхны арга хэмжээ нь Ардчилсан Герман улсаас 1972 онд хөрс агрохимийн, биохими-технологийн лабораториудыг лабораторийн шилэн элдэв  колбо, хуруу шил, аяга зэргийг өөрчлөх, хийх шилний жижиг цехийн хамт оруулж тоноглосноор асар их дэвшилд хүрч билээ. Мөн үрийн шинжилгээний зохиомол орчинд үр ба ургамал ч ургуулж болох шкафан төхөөрөмж бүхий үрийн лабораторийг тоноглосон нь тэр үедээ гайхалтай амжилт байсан санагдана.

Эрдэм шинжилгээний ажилтнуудыг аспирантурт явуулж эхэлснээр 21 хүнд зөвлөн тусалснаар, эрдмийн зэрэг хамгаалуулсан. Ингээд УГТЭШХүрээлэнгийн эрдмийн зөвлөл жинхэнэ ёсоороо ажиллаж эхэлсэн байх юм. Энэ бол түүх, бас миний оролцож хийсэн ажлын нэг хэсэг байдаг.

-Хүрээлэн хэдийд шинэ барилгатай болсон юм бэ?

-Сүүлд хүрээлэнгийн барилгыг жинхэнэ ёсоор нь бариулах зөвшөөрөл гарсны дагуу бүх сектор, лабораториудын байршил зэргийг багтааж, Барилгын зургийн институтээр зургийг хийлгэх ажлыг хариуцан хийлгэж билээ. Лабораториудын ширээ болгоны байрлал, цахилгаан, усаар хангах, ус орох, гарах байршил, ямар багаж төхөөрөмж хаана тавигдахыг нарийн тооцож, зургийг зуруулж билээ. Энэ ажил жил гаруй үргэлжилж, би тэр институтэд өнжин хонон хүртэл суудаг байлаа. Энэ бүхний эцэст одоогийн энэ барилга боссон. Нойлын цэг нь далайн мандлаас дээш 7081 метр шиг санах юм, мартсан байж болно оо. Ингэж л хүрээлэнгийн амьдралд гүн бат оролцож явлаа даа.

Энэ хооронд 1972 оноос ЭЗХТЗ (СЭВ)-ийн гишүүн орнуудын үр тарианы селекцийн ажлыг зохицуулах төв, мөн таримал ургамлын генийн нөөцийн зохицуулах зөвлөлүүдэд Монгол улсаа төлөөлөн оролцох байнгын төлөөлөгчийн ажлуудыг хавсран хийж байсан болохоор жил болгон түүнд орос хэл дээр маш их материал, илтгэл, мэдээлэл бэлтгэх, хурал зөвлөгөөнд оролцох, зарим жил 2  удаа явж, мөн эх орондоо зөвлөлийн хуралдааныг удирдан зохион байгуулах их ажилтай байлаа.

Селекцийн секторт ажиллахдаа буудайн селекцийн эх материал, дээж сортуудыг ургалтын хугацаа, ургацын элементүүд, тэдний хоорондын уялдаа холбоо, зүй тогтлыг илрүүлж, энэ нь    сортын параметрийг боловсруулах үндэс суурь болсон.

-Та эрдэм шинжилгээний ямар бүтээлүүдийг туурвисан байдаг вэ?, ургамал, үр тарианы сортууд гээд хийсэн ажлуудаасаа сонирхуулвал?

-“Буудайн сорт дээжүүдэд элдэв мутагений нөлөө” маш сонирхолтой сэдвийг эхлэн, сүүлд Б.Баастад дамжуулан үргэлжлүүлж, тэрээр уг ажлаар эрдмийн зэрэг хамгаалсан.

Монгол орны тариалангийн бүсүүдийн агро цаг уурын нөөцийн судалгааг олон жил үргэлжлүүлэн хийсний дүнд ургацын асар их хэлбэлзэл, давтамж нь нарны идэвхижилтэй холбоотой болохыг тогтоож, 1985 онд УГТЭШХүрээлэн, мөн Ус, цаг уурын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлүүдэд илтгэл тавьж хэлэлцүүлэхэд “хачин юм, гайхалтай сонин юм” гэхээс өөр үнэлгээ өгч чадаагүй, харин тэр нь надад даанч  хөөрхийлөлтэй санагдаж билээ.

Монгол орны усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийн олон жилийн үр дүнг эмхэтгэн бүсчлэн технологийн бүлгээр тэр үеийн инженерийн хийцтэй усжуулах системүүдийн ургацыг нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн. Даанч хариуцах эзэнгүй болсон усжуулах системүүд ашиглагдахгүй болж сүйрснээс улс ардын аж ахуйд асар их хохирол учирсан. Тэр бүх усалгааны системийг сэргээж, усалгаатай тариалан хөгжүүлэх замаар хүнс, тэжээлийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Дархан, Сэлэнгийн нутгаар усалгаанд 1981- 1986 онд Мексикийн болон ЭЗХТЗ-ийн орнуудын олон сорт дээжийг судалж, 40-80 ц/га хүртэл ургацын потенциалтай сорт дээжүүд байгааг илрүүлж, тэднээс Юнцо сортыг усалгаатай тариалах технологийн хамт үйлдвэрт нэвтрүүлсэн. Харамсалтай нь 1000 га хүртэл тариалж эхэлсэн уг сортыг цааш үрийг нь үржүүлж тариалалгүй, товарт тушаачихсан байж билээ.

Мөн буудай, хөх тарианы эрлийз тритикале гэх ургамлын сорт дээж шалгаруулж, бүсийн хүрээлэнгүүдэд тарааж, төв бүсүүдэд Моначи сортыг шалгаруулсан. Мексикийн буудай, эрдэнэшишийг сайжруулах төв (cimmit) –тэй холбоо тогтоож хамтран ажиллаж эхэлснээс хойш маш олон буудай, тритикаме, арвай, хошуу будааны сортууд болох селекцийн материал авч судалсны дүнд 1981-1990 онд хүрээлэнгийн үр тарианы селекцийн ажил шинэ шатанд гарсан даа.

Герман, Польш, мөн ЗХУ-аас зарим жил 50-60 сортын төмс оруулж ирж, хүрээлэнд төмсний цуглуулга 300 гарсан. Энэ мэтээр таримал ургамлын цуглуулга буюу генийн нөөцийг арвижуулахад нэлээд хүч гаргасан байна.

Дэлхийн стратегийн товарын нэг болох Амарант буюу таримал гагадайн цуглуулга хүрээлэнд 100 гаруй сорт байх ёстой. Мөн хэд хэдэн сорт шалгаруулж, бүсийн хүрээлэнгүүдэд тараасныг тэд юу болгосон нь тодорхойгүй. Зөвхөн ургамалд байдаг амин хүчлүүд: лизин, триптофан, метеонин, бусад ургамлын найрлагад маш ховор, гэхдээ маш чухал эдгээр амин хүчлүүд зөвхөн гагадайд элбэг байдаг. Сульдаатай хүүхдүүдийн тэжээлд оруулж хийдэг.

Харин манай нутгийн нүцгэн урт арвайнд лизин ихтэй сортууд олон байдаг. Энэ бүхнийг хүүхдийн тэжээл бэлтгэхэд бодолцох ёстой юм шүү.

1972-1980 онд хийсэн ажлын үр дүнд Монгол орны төрөл бүрийн ашигтай ургамлын нөөцийг цуглуулж судалж, үрийн нөөцийг хадгалах зэрэг ажлыг санаачилж “Генийн нөөцийн сан”-г байгуулах 1990 он хүртэлх ажлын урт хугацааны хөтөлбөрийг бие даан боловсруулж, сүүлд Н.Алтансүх, Н.Баярсүх нар маань хүрээлэндээ миний санасан бодсоныг гүйцэлдүүлж, уг санг байгуулсан юм.

Эрс тэс уур амьсгалтай, богино зунтай манай оронд үр тариа ургуулах нь маш түвэгтэй ажил боловч гурил, будаатай байна гэдэг үндэсний оршин тогтнохын гол асуудлын нэг юм. Эрт дээр үеэс эрхбиш арвай бог будаагаараа амь залгуулж, хоосонгүй байсан нутгийн хувьд, бага ч гэсэн найдвар байгаа, нөгөө талаар маш эртийн ургацтай буудайн нутгийн сортууд байдаг болохоор уг эх материалыг ашиглан өөрийн нутагт зохицсон сорт гаргах боломж бий гэж үзэж, мөн эхний сорт Орхон гарсан байсан болохоор бид зориглон буудайн сорт гаргах программыг 1990 он хүртэл хийх ажлын төлөвлөлт, сортын параметрийг боловсруулж гаргасан.

Ингээд үр тарианы селекцийн зорилтот хөтөлбөрийг 1980-1990 онд хэрэгжүүлэхээр эрхэм нөхдийн хамт боловсруулж, эрдмийн зөвлөлөөр батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн нь 1990 оны үед биеллээ олж, 1990-1995 онд буудайн маш олон шинэ сорт гаргаж, улсын сорт, сорилтгүйгээр шахам үйлдвэрт нэвтэрч, одоо улсын товарын ургацад жинтэй хувь нэмэр болж явна.

Өөрийнхөө шууд оролцож хийсэн, томоохон гэх ажлуудыг дурьдлаа. Энэ бүх ажлыг хамт бүтээлцэж, ажиллаж амьдарч байсан нөхдүүд маань гэрчлэх, дурсах, санагалзах үйл явдлуудын хэсэг юм даа. Одоо даанч тэр сайхан хүмүүс маань ихэнх нь бурхны оронд заларч дээ. Гэхдээ одоо байгаа нь ч санах, гэрчлэх биз ээ.

-Та тэгээд эрдмийн цолоо хэзээ хамгаалсан бэ?

-Хүрээлэнгийнхээ ажилтай зууралдаад юун цол хамгаалах, зэрэг горилох билээ. Нэг л мэдсэн Аспирантурын албан ёсны хугацаа аль хэдийн өнгөрсөн байсан. Тэгээд дараагийн олон ажил ундран аль ч сэдвээр нь хамгаалах боломж байсан хэдий ч нэг мэдэхэд тэтгэврийн нас хүрч, тэгээд 1992 онд нас болсон гээд шууд л тэтгэвэрт гарсан шүү дээ.

-Тэтгэвэртээ гараад Та төрөлх нутагтаа ирсэн. Тэр үед Монгол улсын хувьд ид хямралын үе байлаа. Нутагтаа ирээд зүгээр суугаагүй, олон хүнд газар тариалангийн зах зухыг ойлгуулж, олон айлд загас барих аргыг зааж сургасан байдаг шүү дээ? Тэр тухай тодруулна уу?

-Тэтгэвэрт гарч, нутагтаа ирсэн тэр үеийн амьдрал 1990-1992 онд ямар байсныг хүн бүхэн мэдэж байгаа. Дэлгүүрийн лангуун дээр давс, ямар ч үйлдвэрийнхийг бүү мэд- гоймон... Ийм л үед нас болсон бол тэтгэвэртээ гар гэсэн болохоор шууд Дундговь руугаа нүүж ирлээ. Орон байр ч байхгүй. Харин ч хөгшний ах дүү нар гэр барьж өгч, хойтон жил нь элдэв материал цуглуулж байж, гурван өрөө байшин бариулж тохижиж эхэллээ.

1993-2000 он хүртэл сум болгоноос ногоо тарих сонирхолтой, амьдралд нь хэрэг болох болов уу гэсэн хүмүүсийг цуглуулж, сургалт явуулж, сум болгонд очиж газар дээр нь зөвлөгөө өгч зүтгэсний хүчинд ногоо, тэжээл, сүүлдээ цэцэг, жимс, бут мод тарьдаг хүн олон болж, “ногоон хувьсгал, ногоон хэрэм” гэсэн Засгийн газрын хөтөлбөрүүдийг 3-4 жилийн өмнө эхлүүлж, хийсэн юм. Магадгүй бидний ажил эхлэл, дууриалал нь ч болсон юм уу, 2000 оноос аймгийн хэмжээгээр элдэв ногоо, төмс тарих хүмүүс нэлээд олон болж ирлээ.

Өөрт байгаа бүхий л бололцоогоо ашиглан аймгийн төвийн гурван сургуульд 80-100 м2-ын 3 хүлэмж бариулж, ногоо тарихыг зааж, үр, үрслэгээр хангаж, багш нар нь дуртайяа хүлээн авч ажиллаж эхэллээ. Мөн тус бүр 50 модтой чацарганы төгөл тарьж өгч, ногоо жимс хүүхдийн үдийн цайнд нэвтрүүлэх зөвлөгөө өгч ажил эхлүүлсэн.

Аймгийн төвийн хэд хэдэн байгууллагад (хүнсний үйлдвэр 2, хувийн аж ахуйнууд, НХҮХ, Хөдөлмөрийн хэлтэс, Жуулчны бааз зэрэг) хүлэмжийн аж ахуй, ногооны болон цэцэрлэгийн талбай байгуулах ажлыг хийлгэж өгсөн.

2003 оноос Хулд суманд 64 га бэлчээр хашсан нутгийн айлд 14 га-д нь ойн төгөл (одоо 2000 гаруй мод ургаж байгаа) байгуулж, тэжээл, төмс, хүнсний ногоо тариалж сургалаа. Мөн жижиг хүлэмж эзэмшиж эхэлсэн.

-Энэ бүх ажилдаа яаж санхүүжилт олж байсан бэ?, Сонирхолтой түүхүүдээсээ манай уншигчдад сонирхуулах уу?

-Санаандгүй тохиолдлоор нэг удаа 2004 онд гадаадын иргэдээс санхүүжилт олчихсон жижиг түүх дурдья.

Монгол Ралли гээд аялагч юм уу, ажлаар яваа Английн хоёр хүү, нэг охин манайхаар ирэв. Найман сарын сүүлч байсан шиг санах юм. Хамаг ногоо, тарвас, амтат гуа хүртэл боловсорч эхэлж байсан болохоор элдэв ногоотой хоол, амтатнаараа дайлсан чинь амтат гуаг тун их таалж байсан. Ер нь амсаж үзээгүй байсан бололтой. Азаар тээр жил тун амт үнэртэй сорт ч тарьсан байж. Монголын говьд ийм сайхан жимс идлээ гээд л гайхацгааж явсан юм. Гэтэл өвөл нь надад төсөл хэрэгжүүлэх 12,000 ам.доллар ирсэн гэдэг байгаа.

Тэр хөрөнгөөр Хулд суманд Төмөрчулууных гэдэг айлд услалтын систем, бүх модны суулгац, мөн чацарганын суулгац зэрэг зардлыг гаргаж, ойн төгөл байгуулсан нь тэр юм. Элдэв насос зэрэг нэлээд зардал гаргахад тэр хэдэн доллар тус болж билээ.

Тэдний талбай, тэжээлийн цехийг түшиглэн хэд хэдэн сумаас тэжээл тарих малчдыг цуглуулж, сургалт явуулж өөрсдөөр нь тарих, арчлах ажлыг нь хийлгэж, чадамжид суурилсан сургалт хийж, залхуурахгүй л бол чамгүй сургасан даа.

Америкийн Олон улсын байгууллага (Мерси Кор)-ын ТАН (Сургалт нөлөөлөл ба хамтын ажиллагааны сүлжээ) хөтөлбөрийн шугамаар олон улсын энтерпренэрийн туршлага судлах, газар дээр нь очиж үзэхээр Гватемала улсад явж, халуун бүсийн орны байгаль цаг уур, хачин сонин ургамал, амьтныг нь үзэж, ард түмнийх нь амьдралтай танилцаж ирсэн шүү.

Монголчууд бид чинь тэдний дэргэд хачин баян тансаг, идэх уух, эдлэх хэрэглэх нь элбэг, баян юм байна шүү гэдгийг дахин нэг гайхлаа. Нүд алдам ногоон тал маань яасан ч уужим юм бэ?, талаар нэг тарсан танан цагаан хоньд маань яасан ч олон юм бэ.

БНСУ-ын хүлэмжийн аж ахуй, газрын гүний дулааныг амьдрал ахуйдаа ашиглах туршлага судлах ажлаар яваад ирсэн. Тэр дагуу өвлийн хүлэмжийн талаар санал тавьсных юм уу, манайд ямар ч байсан 1200 ам метрийн өвлийн хүлэмж баригдаад байгаа даа. Түүнийг ашиглах ажилчид сургах, техник технологийг эзэмших, олж нийлүүлэх асар их ажил өрнөх янзтай л байна.

2007 онд АНУ-ын ОУХА, Мерси Короос “Нийгмийн энтерпренэр” гэдэг өргөмжлөл хүртэж, бас хөөрхөн ёслол болж билээ. Монголд Мерси Корын энэ өргөмжлөлийг авсан 7 хүн байдаг.

Бас нэг дурсгалтай зүйл гэвэл Ерөнхий сайд асан Жасрай гуай манайхаар нэг хавар орлоо. Аймгийн захиргаанаас Жасрай сайд танайхаар орно шүү гэдэг байгаа. Хэдэн үрслэгнээс өөр юм байхгүй. Яая гэх вэ, Ерөнхий сайд юм чинь хүлээж авахаас яах вэ. Баахан машин давхиад ирлээ. Харвал Ц.Өөлд, Хаадгар гээд хэдэн агрономич дагуулчихсан явна.

Халтар арвайн гурилаар замбай зуураад, элдэв ногоо хажууд нь тавьчихсан чинь үнэр нь мэдрэгдсэн бололтой, “нутгийн арвайны үнэр сэнгэнээд” гэдэг байгаа, Жасрай сайд. Тэгээд тайлангаа тавилаа. Танайх энэ худгийг л бараадаж ирээ юу гэнэ. Өөр юугаа түших вэ, гол, булаг байх биш гэж л байлаа даа.

Ер нь манайхаар гадаад, дотоодын олон зочид ирсэн шүү. Манай охин Цолмон нэг удаа “гадаадыхан олон ирсэн байна, Их долоогийн орнуудаас Италиас бусад нь ирж” гэж тооцоо гаргасан байж билээ.

Гадна дотны зочид төлөөлөгчид үзэх, үзүүлэх нэг маягийн үзмэрийн талбай, бас ч заримдаа элдэв жимс ногоогоор дайлах ч айл болдог байлаа.

Тэтгэврийн өвөөгийнх аймагтаа хэрэг, түшиг болж явсан үе бий  гэж бодож суудаг даа. Одоо ч юм хийж, хөдлөхөөсөө илүү ам ярихаас хэтрэхгүй болж дээ.

-Таны шавь нараас олон гавьяатууд төрсөн байдаг. Олон гавъяатын багш, олон эрдэмтэн төрүүлсэн таны хувьд төр засаг хөдөлмөр зүтгэлийг тань үнэлж, шагналаа харамгүй хайрласан байх, бидэнтэй хуваалцах уу?

-Төр засаг миний  хөдөлмөрийг үнэлж, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнасан. Харин 3 жилийн өмнө манай УГТЭШХ-ийн хамт олон маань миний хөдөлмөр бүтээлийг алдаршуулж, миний номыг хэвлүүлж, “Эрдмийн чуулган” зохион байгуулсан. Тэр нь өвгөн миний хувьд хамгийн том шагнал байлаа. Манай аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар очиж оролцож, “Дундговь аймгийн Хүндэт иргэн” цол тэмдгээ өгсөн. Өөр олон л шагнал, урамшуулал авч байлаа даа.

Одоо ч аймгийн төвд тариулсан хэдэн хайлаас элдэв бутаа харж, сэтгэл баясч хөх тэнгэрээ харж сууна. Тэрнээс илүү юу хүсэхэв дээ, өвөө нь.

 

Дундговьчуудын төдийгүй, Монгол Улсын бахархал болсон эрдэмтэн Ч.Дамбын ажил, үйлс, амжилт бүтээлийн зах зухаас уншигчиддаа толилууллаа. Атрын аяны анхны багш, алдар хүндэт эрдэмтэн агрономичийн гавъяаг бид бүхэн мартахын аргагүй. 

Холбоотой мэдээ