Улсын аварга малчин Ш.Батбаатарынх жилдээ 100 гаруй сая төгрөгийн орлоготой ажилладаг

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-01-31 21:18:59

Хэнтий /МОНЦАМЭ/ Улсын аварга малчин Ш.Батбаатарынх жилд дунджаар 90,3-131.1 сая төгрөгийн орлоготой ажилладаг байна.

Мянган хээлтэгч тутмаас бойжуулсан төлийн тоо нь тогтвортой нэмэгдэж, нэг малаас ашиглах ашиг шимийг жил дараалан нэмэгдүүлж, нутгийн монгол үнээнээс саалийн хугацаанд 330 литр сүү, нэг ямаанаас 320 гр ноолуур, нэг тэмээнээс 5,2 кг, нэг хониноос 1,2 кг ноос авч, зах зээлд борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлдэг аж.

Ш.Батбаатар нь 1976 онд МХЗЭ-ийн илгээлтээр “Алтан тал” нэгдлийн “Сүмбэр” бригадад хоньчноор ажиллаж байгаад 1977-1992 онд малчнаар ажилласан. 2002 онд мянгат малчин, 2014 онд аймгийн сайн малчин, 2018 онд Монголын мал аж ахуйн академийн “Хүндэт профессор” цол тэмдгээр шагнуулж байсан бол шороон нохой жилийнхээ амжилтаар улсын аварга цолонд хүрчээ.

Түүнчлэн хөдөөд ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох зорилгоор иргэдэд нийгмийн үйлчилгээг тогтмол үзүүлж, сүүлийн гурван жилд гурван өрхийг 682 толгой малаар малжуулжээ. Бэлчээрийг хуваарьтай ашиглах зуслан, намаржааны газрыг өнжөөх, сэлгэх аргаар даацыг нэмэгдүүлэн, бэлчээрийн хортон, мэрэгчийн тархалтаас сэргийлж, шувууны суулт хийж бэлчээрээ хамгаалах төрөл бүрийн арга хэрэглэдэг байна. Өвөлжөө хаваржаа эзэмших гэрчилгээ авч, татвар хураамж төлж, малаа малын эрсдэлийн даатгалд жил бүр хамруулдаг байна. Мөн өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийгэм соёл, олон нийтийн ажилд 16 сая төгрөг хандивлажээ.

Баян-Овоо сумаас төрсөн Улсын аварга малчин Ш.Батбаатарын шагналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, холбогдох албаны хүмүүс  гардуулсан юм.

Холбоотой мэдээ