Сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар тогтуун байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-02-01 10:37:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас хоёрдугаар сарын цаг агаарын төлвийг танилцууллаа. Энэ сард нутгийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, нутгийн зүүн хагаст ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Сар шинийн баярын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Хоёрдугаар сард агаарын дундаж температур 15-20 градус хүйтэн буюу нийт нутгаар өмнөх оноос 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч бусад хугацаанд шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Сарын эхэнд нутгийн зүүн хэсгээр, харин сарын сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Энэ үеэр салхины хурд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

 

 

Холбоотой мэдээ