БНАСАУ-д атомын цахилгаан станц барьж өгөх санал тавьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /The
Washington Post/. Солонгосын
хойгийг цөмийн зэвсгээс ангижруулсны хариуд атомын цахилгаан станц барьж өгөх
саналыг Орос улс БНАСАУ-д тавьсан гэх эх сурвалжуудын мэдэгдлийг “The
Washington Post” сонин мэдээлжээ.
Санал болгосон хэлэлцээний дагуу Оросын тал атомын цахилгаан станцыг барих ба цөмийн хаягдлууд хийгээд дагалдах бүтээгдэхүүнүүдийг БНАСАУ-аас гаргах бөгөөд энэ нь БНАСАУ эдгээр бүтээгдэхүүнийг цөмийн зэвсэг бүтээхэд ашиглахгүй байх баталгаа болох гэнэ. Үүний зэрэгцээ цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох боломжийг тус улсад олгож байгаа аж.
“The Washington Post” сонины мэдээлж байгаагаар, АНУ-ын тагнуулын газар энэ саналын талаар өнгөрсөн оны сүүлчээр мэдсэн бөгөөд Оросын эрх баригчдын энэхүү алхам нь АНУ, БНАСАУ-ын эрх баригчдын яриа хэлэлцээнд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого гэж дүгнэж байна.
Түүнчлэн Оросын атомын цахилгаан станц нь цэргийн зориулалтаар ашиглагдах боломжтой хязгаарлагдмал хэмжээний цацраг идэвхт материалуудыг гаргах боломжтой гэж АНУ-ын Тагнуулын төв газар үзэж байгаа ажээ.