“Дарханы хөгжил-Олон улсын эдийн засгийн форум” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-14 22:36:48

Дархан-Уул аймагт энэ сарын 28-29-ны өдрүүдэд “Дарханы хөгжил-Олон улсын эдийн засгийн форум”-ыг аймгийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулж явуулахаар бэлтгэж байна. Уг форумын ерөнхий зохион байгуулагчаар нь аймгийн ЗДТГ ажиллаж байгаа бол аймгийн ИТХ дэмжигчээр ажиллаж байгаа юм.

Мөн аймгийн Худалдаа, Аж үйлдвэрийн танхим, УГТЭШХ, ШУТИС-ийн Дархан Технологийн сургууль, Дархан дахь ХААИС, JCI Олон улсын байгууллага, Тахь Ко, Поликом зэрэг ХХК-иуд хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа аж. Форумаар аймгийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, хот байгуулалт,  санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, талуудын эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалтыг  дэмжих  зорилгоор “Дарханы хөгжил-Олон улсын эдийн засгийн форум”-ыг аймгийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулахаар ажиллаж байна. Форумын хүндэт зочдоор Монгол, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Турк улсын төрийн байгууллагуудын төлөөлөл оролцоно. Мөн БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Турк улсын  нэр хүндтэй, томоохон компаниудын удирдлагууд оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Форумын үеэр Дархан-Уул аймагт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудад бизнесийн төслөө танилцуулснаар хамтран ажиллах түншээ сонгох, хөрөнгө оруулагчидтай бизнесийн харилцаа тогтоох боломж бүрдэнэ тус аймаг үзэж байна. Мөн хөрөнгө оруулалт татах сонирхолтой төслүүдийг нээлттэй хэлэлцэж хамтарч ажиллах сонирхолтой бизнес эрхлэгчдийн тусгай уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Уг форумыг зохион байгуулснаар  Дархан-Уул аймагт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлснээр аймгийн эдийн засгийн чадамж сайжрах бол гадаад хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт дэвшилтэд техник, технологи нэвтэрч экспортын нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжинө гэж зохион байгуулагчид тооцсон байна.

Тус форум нь энэ сарын 28-29-ны өдрүүдэд Дархан хотын “Буудай” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдана гэж аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл Технологийн албанаас сэтгүүлчдэд мэдээллээ.

                                                             Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ