Ахмад боулингчид сар шинийн өмнө цэц мэргэнээ сорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цагаан сарын өмнө жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ахмад боулингчдын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Биг боулинг” төвд амжилттай боллоо.
Бүх
тамирчин ганцаарчилсан төрөлд 4 тоглолт хийж авсан оноогоор нь
эрэмбэлж халз тоглох журмаар аваргыг тодруулсан. Мөн тамирчдыг хосын төрөлд
сугалаагаар баг болгож хувааснаар өрсөлдөгчид нэг багт орсон тохиолдол олон
гарсан.
Тодруулбал, 48-аас дээш насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд спортын дэд мастер Ю.Ганболд түрүүлж, спортын мастер М.Түвшинсанаа удаалж, “Mongolian Winner” клубын тамирчин Д.Мурат гуравдугаар байрт орлоо. Харин 40-47 насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд спортын мастер Ш.Баатар түрүүлж, спортын мастер Д.Нацагдорж аман хүзүүдэж, спортын дэд мастер С.Баярхүү удааллаа.
Мөн 40-өөс дээш насны эмэгтэй ганцаарчилсан төрөлд “Страйкс” клубын тамирчин Т.Долгормаа тэргүүлж, спортын мастер С.Хандаа дэд байранд шалгарч, “Страйкс” клубын тамирчин Ш.Мөнхжаргал хүрэл медалийн эзэн боллоо.
Хосын төрлийн аваргаар С.Ганзориг,
Т.Долгормаа нар шалгарч, Ц.Батжаргал, Д.Мурат нар мөнгөн медаль хүртэж,
С.Баярхүү, С.Хандаа нар хүрэл медаль авлаа. Ганцаарчилсан
төрөл тус бүрийн аваргууд цом , алтан медаль, хоёрдугаар байрны эзэд мөнгөн
медаль, гуравдугаар байранд орсон тамирчид хүрэл медаль хүртсэн бөгөөд бүх
байрыг мөнгөн шагнал, тоглолтын эрх дагалдсан юм.
Тэмцээний
шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эмэгтэйчүүдээс Ч.Амардэлгэр /205
оноо/, эрэгтэйчүүдээс “Биг боулинг” клубын тамирчин С.Ганзориг /226 оноо/ нар
шалгарч батламж, тоглолтын эрх хүртлээ.
Мөн 50-иас дээш насны бүх тамирчиндаа Монголын боулинг сонирхогчдын холбооноос сар шинийн бэлэг болгож гэрэл зургийн цомог гардуулж сюрприз барилаа.