Хэнтий аймаг Шилдэг гэр бүлүүдээ тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-01-31 15:15:00

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд тус ажлын үр дүнг хэлэлцэн тайлангаа тавьж,  хаалтын ёслолоо хийлээ.

“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хаалтын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба,  аймгийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Г.Хэрлэнчулуун, ажлын хэсгийн нарийн бичиг ГБХЗХГ-ын дарга Б.Энх-Эрдэнэ, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Г.Лхагвахатан, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Шилдэг сум, Шилдэг байгууллага, болон есөн номинаци бүхий Шилдэг гэр бүлүүдийг тодруулан батламжилж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээрээ, “Шилдэг сум"-аар Баянмөнх сум, “Шилдэг байгууллага"-аар Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар тус тус шалгарсан юм.

Харин номинаци бүрийн шилдгүүдээр: 

-“Азай гэр бүл”-ээр Цэнхэрмандал сумын иргэн, сумын алдарт уяач Ц.Лхамдэндэвийн гэр бүл, 

-“Өнөр гэр бүл”-ээр Хэрлэн сумын гуравдугаар багийн иргэн Алдарт эхийн 1, 2-р одонт Дэнзэнгийн гэр бүл, 

- “Спортлог гэр бүл”-ээр Дэлгэрхаан сумын гуравдугаар багийн иргэн Г.Лхагвын гэр бүл, 

-“Хорт зуршилгүй гэр бүл”-ээр Бор-Өндөр сумын хоёрдугаар багийн иргэн Д.Нэргүйн гэр бүл, 

- “Авъяаслаг гэр бүл”-ээр Баянмөнх сумын иргэн н.Энхнэргүйн гэр бүл, 

- “Эко гэр бүл”-ээр Хэрлэн сумын гуравдугаар багийн өндөр настан Р.Төмөрийн гэр бүл, 

- “Залуу малчин гэр бүл”-ээр Баянмөнх сумын иргэн Э.Мөнхмагнайн гэр бүл, 

- “Хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн гэр бүл”-ээр Г.Жамсранжавын гэр бүл, 

-“Өрхийн үйлдвэрлэгч гэр бүл”-ээр Норовлин сумын иргэн Б.Нэргүйн гэр бүлүүд шалгарч сар шинийн босгон дээр өнгө нэмлээ.

Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Хэнтий аймагт нийт 194 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж давхардсан тоогоор 98,271 хүнийг хамруулж, зохион байгуулагдсан нийт үйл ажиллагаанд 1,081,703,500 төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.

 

Холбоотой мэдээ