Эдийн засаг, төрийн удирдлага хүртэл төлөвлөгдөх учиртайг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-01-28 15:12:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засгаас аваад төрийн удирдлагыг хүртэл төлөвлөж шинжлэх ухаанч байдлаар явахгүй бол эрх мэдэл нэг хэсэг хүмүүсийн гарт төвлөрч байна гэсэн дүгнэлтийг өнөөдөр Засгийн газрын XI  байранд болсон “Төрийн удирдлагыг төлөвлөхийн ач холбогдол” хэлэлцүүлгээр хөндөж байв.

Энэ талаар хэлэлцүүлгийг зохион байгуулсан Монголын Ногоон нам (МНН)-ын дарга О.Бум-Ялагчаас тодруулбал, “Нийгэмд гараад буй тулгамдсан асуудал бүр нийгмийн баялгийг шударга бус хуваарилж байгаатай холбогдож байна. Төрийн өмч зөвхөн эрх мэдэлтнүүдийн гарт очиж байна. Үүний гол учир нь шинжлэх ухааны талаас улс төлөвлөлтөө зөв хийхгүй байна. Энэ асуудалд ач холбогдол өгөх үүднээс бид эрдэмтэн, мэргэжилтнүүдийг оролцуулсан онол-практикийн хурлыг хийж байна” гэв. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газрын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Должинсүрэн, судлаач Н.Итгэл, Ш.Дагва, ШУА-ийн Газар зүй, гео экологи төслийн ажилтан Т.Энэбиш, академич З.Нямзагд нарын эрдэмтэн судлаачид оролцон Монгол Улсын урт хугацааны нийгэм, эдийн засгийн төлөвлөлтийн талаар илтгэл тавьж бүсчилсэн хөгжлийн бодлогод ач холбогдол өгч байлаа.

МНН-ын нийслэлийн намын хорооны дарга Н.Анхбаяр, “Төрийн удирдлага төлөвлөлттэй явагдаж байх ёстой. Улс орон байгалийн баялгаа төлөвлөж мэдддэг байх ёстой. Манай улсад хийх ёстой ажлуудыг тодорхой түвшинд хийж буй боловч төр, засгаас дагаж мөрдөхгүй байгаа нэг учир дутагдал байна. Тиймээс төрийн төлөвлөлт гэдэг их чухал, үүнийг өндөр түвшинд тавих ёстой” гэдгийг онцолж байв.

МНН-ын дарга О.Бус-Ялагчаас өнөөдрийн хэлэлцүүлгийг улстөрийн нам зохион байгуулж байгаагийн учрыг тодруулбал, “Намууд өөрсдийнхөө мэдлэгийг дээшлүүлж мэргэжлийн хүмүүсийг оролцуулан цаашид төрийн эрх барих, барихгүй нь хамаагүй, гол нь улстөрийн бүх нам мөрийн хөтөлбөртөө улс орны хөгжлийг шинжлэх ухаанч байдлаар эрдэмтэн судлаачдынхаа судалгааны ажил, түүний үр дүнг тусгах ёстой гэсэн үүднээс өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Түүнээс биш улстөрчид гээд дээшээ тэнгэр хараад юм бичээд байж болохгүй гэв. Улстөрийн нам гэдэг мөн институтчлэгдсэн байгууллага учир эрдэмтэд мэргэшсэн хүмүүсээ оролцуулан тэднийг сонсох учиртай” гэж байв.

Б.Болд

Холбоотой мэдээ