"King Tug" Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны Дэлхийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-27 10:44:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Нью-Йорк хотын Бруклины "Barclays Center"-т гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа хийв. Тэрээр IBO холбооны Дэлхийн аваргын бүсний төлөө Доминиканы боксчин Клаудио Маррейротой 12 раунд хүч үзэн яллаа.


Олимпийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Н.Төгсцогтын өрсөлдөгч Доминиканы боксчин Клаудио Маррейро маш зальтай, хурдтай боксчин гэдэг нь энэ халз тулаанаас харагдаж байлаа. Н.Төгсцогтын хувьд өрсөлдөгчөө 4 дүгээр раундад хүнд цохилтоор ялах боломж харагдсан ч тэр яарахгүй байгаа нь илэрхий байв. Түүний дасгалжуулагч ямар тактик боловруулсныг таашгүй юм.


Тэдний тоглолтын өмнө, ялагч нь WBC холбооны 57,2 кг жингийн аварга АНУ-ын Гэри Расселлтай тулалдах болсныг албан ёсоор зарлаж байсан юм. "King Tug" Н.Төгсцогт 12 дугаар раундад өрсөлдөгчдөө хэд хэдэн хүчтэй цохилт хийсэн бөгөөд өмнөх раунд бүрт илүү байсан. Харин тэр өөрийн тоглолтын ур чадвараа бүрэн харуулалгүйгээр ийнхүү эзэнгүй байгаа IBO холбооны Дэлхийн аварга цолын эзэн боллоо.


Одоо "King Tug" Н.Төгсцогтыг WBC холбооны аваргын төлөө хүч үзэхээс эхлээд олон ширүүн тулаан хүлээж байгаа юм.


Н.Төгсцогтынхоо тоглолтыг 200 орчим монголчууд дэлхийн өнцөг булан бүрээс Нью-Йорк хотын Бруклины "Barclays Center"-т хүрэлцэн ирж үзэж дэмжсэн юм. Тухайлбал, "King Tug" Н.Төгсцогтыг дэмжихээр ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Э.Цогтжаргал тэргүүтэй Америк болон Канадад ажиллаж амьдардаг монголчууд Нью-Йорк хотод ирсэн байв.


Монголоос олимпийн аварга Э.Бадар-Ууган, МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, дэд ерөнхийлөгч Б.Батбаяр болон   Д.Амарбаясгалан үндэсний бөхчүүдээс Ч.Санжаадамба аварга, улсын арслан Р.Пүрэвдавга зэрэг олон монгол АНУ-д очсон байна.


Дашрамд дуулгахад, Төгсөөг тэмцээний ринг дээр гарч ирэхэд Монгол төрийн уламжлалт Их Хар сүлд тугийг Р.Пүрэвдавга арслан барьж гарч ирсэн нь их л содон байсан юм.

Холбоотой мэдээ