С.Цэрэнчимэд алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-26 21:05:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Красноярск хотноо болж буй 30 дахь удаагийн Иван Ярыгиний нэрэмжит Гран при тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.


ДАШТ-ий алт, мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, С.Цэрэнчимэд “Бага дэлхийн аварга”-аас ийнхүү 13 дахь алтан медалийг эх орондоо авчирч байна. Тэрбээр өмнө нь И.Ярыгиний нэрэмжит тэмцээнээс 2014 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль хүртэж байв.


С.Цэрэнчимэд гавьяат энэ удаа шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Бека Литерсийг 9:3-аар, хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Норвегийн Грейс Булланыг цэвэр, шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн ОХУ-ын аварга Ольга Хорошавцеваг 10:5-аар ялсан юм. Энэ жинд барилдсан өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Баянхонгор аймаг, “Хонгор нутаг” дэвжээний тамирчин 18 настай Б.Хонгорзул хүрэл медалийн төлөөх барилдаанд 2018 оны дэлхийн дэд аварга Болгарын Б.Дудоватай сайн барилдсан ч 9:13-аар ялагдлаа.

Холбоотой мэдээ