Хүмүүжигч нарт сургалт зохион байгуулав

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2015-09-17 15:03:41

Монголын Залуучуудын холбоо Төв аймгийн Баян сумын нутагт байрлах ШШГЕГ-ын харьяа Мааньтын хорих 415 дугаар ангийн албан хаагчид болон хүмүүжигч нарт ном бэлэглэх, амьдралын эерэг хандлагад уриалсан өдөрлөгийг энэ сарын 16-нд амжилттай зохион байгууллаа.

Хүмүүжигчдийг ял эдэлж байх хуга­цаанд нь ний­гэм­шүүлэх, тэднийг амьдралын зөв дадал хэвшилд уриалах зорилгоор зохион байгуулсан уг өдөрлөгт 500 гаруй хүмүүжигч хамрагдсан юм. Өдөрлөгөөр Сургалт судалгааны Полиси төвийн гүйцэтгэх захирал Г.Чойжамц “Амьдрал бол бэлэг” сэдвээр  сургалт лекц зохион байгуулсан бол мөн “Номын сар”-ын хүрээнд 100 гаруй номыг 415 дугаар ангийн номын санд хандивлав.

Тус хорих ангид 500  гаруй  хүмүүжигч  хоригдож  байгаа бөгөөд тэдний олонх нь 20-35 насны ид хийж бүтээх залуус. Эдгээр хүмүүжигчдийг нас насаар нь ангилан сургалт зохион байгуулдаг бөгөөд одоогоор мэргэжил эзэмшүүлэх гурван төрлийн сургалт явагдаж байгаа аж. Эдгээр хүмүүжигчдийн 30 орчим хувь нь өөрийн гэсэн мэргэжилтэй болсон бол 40-50 хувь нь ангийн аж ахуйн үйлчилгээ, гэрээт байгууллагуудад тогтмол ажил хийдэг аж.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд