И.Ярыгинийн нэрэмжит тэмцээний аваргын төлөө манай 3 бөх хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-26 09:50:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Красноярск хотноо болж буй алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гран при тэмцээний хоёр дахь өдөр манай гурван тамирчин аваргын төлөө барилдахаар шалгарлаа.


Энэ өдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. Манай улсаас эмэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 68 кг-д “Лондон-2012” Олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, энэ жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Э.Даваанасан нар алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна.


Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д өсвөр үеийн Азийн аварга, “Арслан” клуб, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга, эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д 2017 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Б.Хонгорзул, 68 кг-д залуучуудын дэлхийн дэд аварга “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа нар тус тус хүрэл медалийн төлөө хүч үзэх юм.

Холбоотой мэдээ