Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээний өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-26 09:51:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтан өнөөдөр нийслэлийн бүх ААН, байгууллага нийтийн цэвэрлэгээний өдрийг зохион байгуулна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер хотын нийтийн аж ахуйн ажил үйлчилгээг сайжруулах албан даалгавар энэ долоо хоногт гаргасан. Энэ дагуу иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэж, байгууллагынхаа цонх, хаалга, фасад, хаяг, хаягийн байгууламж, хайс хашлаганы тортгийг угааж, өнгө үзэмжээ сэргээхэд хамт олноороо идэвхтэй оролцохыг уриалсан. Албан даалгавар гарсантай холбогдуулан нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд, дүүргүүдийн удирдлагууд дараах үүрэг хүлээв.

  • Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цас мөс, хог хаягдал орчныг цэвэрлэх,
  • Хайс, хашлага, хогийн сав, сандал, хөшөө, баримал,
  • Зар сурталчилгааны болон хаяг, хаягийн байгууламж, гэрлийн шон, гэрлэн чимэглэл, нийтийн тээврийн автобус, хог тээврийн автомашины тоос тортгийг цэвэрлэх,
  • Эвдэрч гэмтсэн хайс хашлагыг засварлах,
  • Шатсан гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг солих
  • Инженерийн шугам сүлжээний худгийн алдагдсан тагийг нөхөх
  • Хөрсний уснаас үүдэж мөстсөн халиа дошинг цэвэрлэж, иргэдийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх,
  • Гудамж талбайд эзэнгүй явж байгаа золбин нохой муурыг устгах ажлыг эрчимжүүлэх

Албан даалгаварын хэрэгжилтийг энэ сарын 22-оос 02 дугаар сарын 01-ний хугацаанд шуурхай хангуулж ажиллах бөгөөд үүргээ биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллах юм гэж УБЗАА-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ