Цагдаа, дотоодын цэргийнхэн ЭХЭМҮТ-д хүчилтөрөгчийн аппарат хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-24 16:38:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр алба хаагчид Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д 7.5 сая төгрөгийн өртөгтэй хүчилтөрөгчийн аппарат хандивлав.


Тус зөвлөгөөнд цагдаа, дотоодын цэргийн хэлтэс, түүнээс дээш нэгжийн нийт 150 гаруй удирдах ажилтан оролцож байна. Алба хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад зориулж "Сайн үйлсийн аян" өрнүүлж, дээрх аппаратыг ЭХЭМҮТ-д зориулан худалдан авчээ. Зөвлөгөөнд тус төвийн дэд захирал Ц.Алтантуяаг урьж,  аппаратыг гардуулсан юм.


Тэрбээр, "Манай эмнэлэгт жилдээ 0-28 хоногтой 2500 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Үүнээс 50 орчим хувь нь хугацаанаасаа өмнө эхээс мэндэлсэн байдаг.

Тиймээс дээрх тоног төхөөрөмж нэн шаардлагатай байсан. Төрийн байгууллагаас анх удаа удирдах ажилтнууд нь өөрсдөө санаачлан, мянга мянган хүүхдийн эрүүл энхийн төлөө сайн үйлсийн аян зохион байгуулсанд талархаж байна” гэлээ.


ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Бат-Өлзий, "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд алба хаагчдын манлайлал, ур чадварыг дээшлүүлэх зорилго дэвшүүлсэн. Зөвлөгөөнөөс дээрх зорилтын хүрээнд холбогдох сургалтын хөтөлбөрийг боловсруулна. Мөн удирдах ажилтнуудтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтэнд үнэлэлт, дүгнэлт өгч, өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилтыг хэрхэн хангасан тал дээр тулгуурлаад заавар, зөвлөмж өгөхөөр төлөвлөж байна" гэлээ.

Зөвлөгөөний үеэр алба хаагчид дээрх сайн үйлсийн аяныг жил бүр зохион байгуулахаа онцолж, бусад төрийн байгууллагын удирдах ажилтнуудыг хамтран оролцохыг уриалав.


Холбоотой мэдээ