BRT төслийн нэгжийн үйл ажиллагааг шүүмжлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-24 10:03:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэл хотод тусгай замын BRT автобус явуулахаар ажиллаж буй төслийн нэгжийн үйл ажиллагааг өчигдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцлээ.

Хуралдаанд танилцуулснаар, төслийн хүрээнд нийтдээ 270 сая ам.долларын зээлийн эрх нээлгэсэн ч Төслийн нэгжийн баг өнгөрсөн хоёр жилд ямар ч ажил хийгээгүй байна. Тэгсэн хэрнээ жилд 400 мянган ам.долларын цалин авчээ. Танилцуулгыг сонссоны дараа нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Уг нь энэ төслийг дэмжиж, ажлын явцыг нь түргэтгэх ёстой учир нэгжийн ажилчдын гэрээг гурван сараар сунгах хэрэгтэй байна” гэсэн саналаа хэлэв. Тэргүүлэгч Д.Мөнхжаргал "Ажил эхлүүлэх боломж бий эсэхийг судлаад боломжгүй бол Төслийн нэгжийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй" гэсэн юм.

Төслийн инженерүүд өнгөрсөн оны зургадугаар сард эхний ажлыг эхлүүлсэн боловч сонгон шалгаруулалт нь удааширсан хэмээн тайлбарлав. Мөн Төслийг удирдах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь ажил удааширсантай холбоотой гэсэн юм.


BRT төслийн хүрээнд нийтдээ 270 сая ам.долларын зээлийн эрх нээлгэсэн хэр нь Төслийн нэгжийн баг өнгөрсөн хоёр жилд ямар ч ажил хийгээгүй,  жилд 400 мянган ам.долларын цалин авчээ.



НИТХ-ын дарга С.Амарсайхан, "Төслийн нэгж чадамжгүйн улмаас гадаад, дотоодын санхүүжүүлэгч байгууллагын өмнө нэр нүүрээ барж байна. Төслийн удирдах хороо байгуулах шаардлагатай гэсний дагуу баталж өгсөн. Гэтэл таван сар өнгөрчихөөд байхад үр дүн алга. Хариуцсан ажлаа хийж чадахгүй бол өргөдлөө өгөх хэрэгтэй. НИТХ-ын Ажлын алба төслийн нэгжийн ажилтан албан хаагчид болон гадаад дотоодын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, цааш үргэлжлүүлэх боломжтой эсэхийг судал" гэсэн юм.

Холбоотой мэдээ