Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгууд өрсөлдөх чадвараар тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-23 16:29:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр гаргадаг “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2018”-гийн үр дүнг өнөөдөр танилцуулснаар, эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь аймаг, засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд тэргүүлжээ.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагааны хэлснээр, аймгуудад засаглалын үзүүлэлт ихээр буурчээ. Үүний шалтгааныг тодруулахаар өнгөрсөн жил зарим аймагт засаглалын гүнзгийрүүлсэн чанарын судалгааг хийсэн байна. Судалгаагаар аймаг, орон нутагт төсвийн захиран зарцуулалтын талаар иргэд, бизнес эрхлэгчдэд мэдээлэл дутмаг байна гэсэн дүн гарсан байна. “Сайн засаглал болон бизнесийн таатай орчин аймгуудад эдийн засгийн боломжууд, мөн ажлын байрыг бий болгодог учраас өрсөлдөх чадвар чухал байдаг” гэдгийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал, хатагтай Карин Райнпрехт онцолж байв.



Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад, Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгууд өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ. Харин сүүлийн байруудад Дундговь, Говь-Алтай, Архангай аймгууд эрэмбэлэгдсэн байна. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгийн нэг буюу эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь, засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд тэргүүлжээ. Мөн бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Өмнөговь аймгууд, дэд бүтцээр Орхон, Говьсүмбэр аймгууд тэргүүлсэн байна.


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжин гаргахдаа эдийн засгийн тамир тэнхээ, засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтийг нэгтгэн тооцдог байна.


Эдгээрийн ойролцоогоор 102 нь статистик мэдээлэл, 74 нь санал асуулгын мэдээлэл байдаг байна. Статистик мэдээллийн 15 хувь буюу 28 нь ерөнхий мэдээлэл байх ба өрсөлдөх чадварын индексийн тооцоололд ордоггүй, нэмэлт мэдээлэл өгөх зорилготой үзүүлэлтүүд аж. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх юм.

Санал асуулгын түүвэр судалгаанд Монгол Улсын 21 аймгийн бизнесийн байгууллагын удирдах ажилтнуудыг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулжээ. Түүврийн хэмжээг энгийн санамсаргүй, буцалтгүй түүврийн аргаар тодорхойлж, аймаг бүрээс дунджаар 50 удирдах ажилтан, нийт 1050 аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор түүвэр судалгааг явуулсан байна. Санал асуулга нь нийт 74 хаалттай асуулт, нэг нээлттэй асуултаас бүрдсэнийг дурдлаа. Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээг 2018 оны дүнгээр аймгуудаар харвал:

Орхон-100 оноо

Дархан-Уул-96.68

Өмнөговь-94.82

Дорноговь-84.88

Говьсүмбэр-84.65

Дорнод-84.00

Сэлэнгэ-79.44

Сүхбаатар-79.30

Өвөрхангай-77.89

Төв-77.77

Увс-75.88

Баян-Өлгий-75.64

Хэнтий-71.55

Хөвсгөл-57.68

Баянхонгор-55.42

Ховд-54.55

Завхан-54.22

Булган-45.26

Дундговь-44.17

Говь-Алтай-43.98

Архангай-37.88

2018 онд хамгийн их өөрчлөлт, ахиц гаргасан аймгууд Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, хамгийн их буурснаар Булган, Архангай, Хөвсгөл аймгууд гарсан байна. Тайланг гаргахад “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр” болон “Азийн сан” жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна. Судалгааг аймгуудын удирдлага, төр засгийн байгууллага, судлаачид болон олон нийтэд нээлттэй байлгах үүднээс http://aimagindex.mn/statistics цахим хуудсанд мэдээллийг байршуулжээ.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ