Завханы говийн сумд зудархуу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймагт хаваржилт хамгийн их хүндэрсэн 11 сум байна. Тодруулбал Завханы хойд чиглэлийн Тэс сумын Нисэг, Баянуул, Зүр багууд, Баянтэс сумын бүх баг, Баянхайрханы Төөнт, Минж баг, Отгон сумын Буянт, Баянбулаг багууд. Мөн Идэр сумын Дархан уул баг, Тосонцэнгэлийн Рашаант, Баянулаан багууд байна.
Харин хаваржилт хүндрэлтэй бүс нутагт Тосонцэнгэлийн Оргих баг, Яруугийн Өргөн, Жаргалант багууд, Цэцэн-уулийн бүх багууд, Идэр сумын Мануустай, Отгон сумын Бадрал, Соёл, Онц багууд. Зудархуу нөхцөл байдалд говийн Ургамал сумын Хульж, Нуур зөөхий багууд, Эрдэнэхайрхан сумын Хайрхан, Мөсөн багууд, Их-уул сумын Зарт, Цэцүүх багууд тус тус ороод байгаа талаар аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний албанаас мэдээллээ.
Завханд гуравдугаар сард явган шуургатай хүйтэн байна
Завханд ойрын хоногуудад ихэнх нутгаар явган шуургатай, хүйтэн байна.
Энэ сарын 11-нд нутгийн хойд болон Хангайн уулсаар, 12-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 11-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч өдөртөө суларч Буянт голын хөндий, Цэцэн-Уул сумын нутгаар шөнөдөө 42-47 градус хүйтэн, өдөртөө 20-25 градус хүйтэн байна. Харин хангайн уулархаг нутгаар шөнөдөө 32-37 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Иймд малчид тээвэрчидыг анхаарал болгоомжтой байхыг аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний албанаас мэдээллээ.
Завханд зарим газраар цас хөрлөж хатуурсан байна
Завхан аймгийн нийт нутгаар цасны дундаж зузаан 1-35 см, цасны дундаж нягт 0,10-0,29 гр/см3 байна.
Тодруулбал хунгарласан газартаа 20-30 см, гуу жалгандаа 30-60 см, зарим газраар хөрлөж хатуурчээ. Өнөөдрийн байдлаар хамгийн их цастай нь Баянтэс ,Тэс сумын хойд болон зүүн хэсэг, Баянхайрхан сумын баруун хойд болон хойд хэсэг, Отгон сумын зүүн, зүүн хойд хэсэг, Идэрийн эх, Тосонцэнгэл сумын өмнөд хэсгээр 40-50см, хунгарласан газартаа 60-80 см, гуу жалгандаа 70-90 см цастай байна.
Завханд олон жилийн дунджаас хүйтэрсэн байна
Завхан аймагт энэ өвөл 11 дүгээр сараас хойш их бага хэмжээний 61 удаагийн цас оржээ.
11, 1, 2 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу, 12 дугаар сард олон жилийн дунджийн орчим орчим хур тунадас унасан байна. Агаарын температур хувьд 11-12 дугаар саруудад өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй. Нэг, хоёрдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байсан байна. Ихэнх нутгаар 35-49 градус, Идэр, Тэс, Завхан голын сав дагуух нутгаар 45 градусаас дээших хүйтэрсэн хоногийн тоо 8-11 хоног, бусад нутгаар 35 градусаас хүйтэрсэн 15-29 хоног. Ялангуяа Отгон суманд 50-54 градус хүрч хүйтрэн 50 градусаас дээш хүйтэрсэн хоногийн тоо 16 хоног, 45 градусаас дээш хүйтэрсэн 32 хоног, Цэцэн-Уул суманд 50-55 градус хүрч хүйтрэн 50 градус дээш хүйтэрсэн 9 хоног, 45 градусаас дээш 28 хоногоор тус тус тогтвортой хүйтэрсэн байна .
Б.Мягмарсүрэн