Зэс утсаар зүү ороож даалин урлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-24 12:09:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд "Цагаан сар" үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-24-нд гарч байна. Уламжлалт сар шинийн баярт зориулсан эд хэрэглэл, идээ, ундаа элбэгтэй энэ үзэсгэлэн худалдаанд сая төгрөгийн үнэтэй зэс утсаар зүү ороож урласан даалин тавьсан нь олны анхаарлыг татаж байлаа. 


Зэс утсаар зүү ороож урласан энэхүү даалин нь Сайнцагаан сумын 8 дугаар багийн иргэн Ганболдын Отгонбямба хэмээх залуугийн бүтээл ажээ. Г.Отгонбямба МСҮТ-ийг мужаан мэргэжлээр төгссөн хэдий ч ээжийнхээ ур ухааныг өвлөн, уран хатгамлын гайхамшгийг эмэгтэйчүүдтэй өрсөлдөн таниулж, ур ухаанаараа энэхүү соёлд нэгэн шинэ өнгө аяс нэмж яваа юм. Тэр анх удаагаа зэс утсаар зүү ороож даалин урласан нь энэ бөгөөд цахилгаан тогооны залгуурын утаснаас зэс утсыг нь ялган авч ашигласан байна. Түүнээс гадна үзэсгэлэн худалдаанд уран хатгамалч залуугийн битүү зүү ороож оёсон даалин хоёр сая төгрөгийн үнэтэй байна.


"Дундговь" худалдааны төвд гарч байгаа энэхүү үзэсгэлэн худалдаанд Архангай, Өмнөговь аймгаас ирсэн болон нутгийн ааруул, сүү, аарц, шар тос, цагаан тос, айраг, Улаанбаатар хотоос монгол дээл, хувцас, өргөн хэрэглээний болон цахилгаан бараа, чихэр, хүнсний зарим бүтээгдэхүүн авчран борлуулж байна. Мөн орон нутгийн үйлдвэрлэгчид хүүхдийн буриад гутал, эсгий шаахай, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хромон гутал, монгол дээл, цамц, хүрэм гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн тавьжээ.


Үзэсгэлэн худалдаанд оролцогч иргэд борлуулалт, иргэдийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн бүтээгдэхүүнээ янз бүрээр савлажээ. Тухайлбал: нэг тогооны өрөм 15 мянган төгрөг гэж байхад Адаацаг сумын нэг оролцогч жижиг саванд загсаасан өрмөө 3000 төгрөгөөр зарж байгаа нь худалдан авагчдын таашаалд ихээхэн нийцэж байна.

Харин литр айраг 6000 төгрөгөөр борлуулагдаж байгаа нь урьд жилүүдэд байгаагүй өндөр үнэ  гэнэ. Чихэртэй ааруул кг нь 25-35 мянган төгрөгийн үнэтэй байна.



Холбоотой мэдээ