УИХ-ын гишүүд сав, баглаа боодлын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-22 18:01:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар гялгар уут, тор, цаасан уут, хайрцаг, даавуун тор үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийн газруудын үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.  

Аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, гялгар /нийлэг/ уутыг  ахуйн зориулалтаар өргөн хэрэглэх нь нийгмийн эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж, орчныг бохирдуулах төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж байгаа асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хэлэлцэн 05 тоот тогтоолыг баталсан юм.

Дээрх тогтоолыг хэрхэн хэрэгжүүлж буй байдалтай танилцахаар, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар эхлээд даавуун тор, бичиг хэргийн цаасан дугтуй үйлдвэрлэдэг Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвд очлоо. Төвийн захирал З.Болдсайхан, “Манай төвийн гол захиалга төрийн байгууллагуудаас ирүүлдэг бичиг хэргийн дугтуй байдаг. Сард 100 мянган ширхэг дугтуйг ажилчид гар аргаар хийж байна. Бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэх, үйлдвэрлэлийг автоматжуулж хүчин чадлаа сайжруулахын тулд төсөл, зээлд хамрагдахаар жил бүр хөөцөлддөг ч санхүүжилт авч чаддаггүй. Хүчин чадлаа нэмэгдүүлснээр Сургалтын төвд 200 хүнийг ажлын байраар хангах боломжтой. Одоогоор 100-аад ажилчинтай, 70 орчим нь хараагүй иргэд байдаг” гэв. Оёдолчин Б.Нансалмаа “Манай цех 5 оёдолчинтой, нэг оёдолчин өдөрт 60-70 тор оёдог. Захиалга сайн байвал үүнээс ч илүүг оёх боломжтой. Гялгар уутыг хязгаарлаж, даавуун уутны зах зээл тэлэхээр захиалга нэмэгдэх болов уу гэж найдаж байна” хэмээн танилцууллаа.


Дараа нь УИХ-ын гишүүд цаасан тор, хайрцаг  үйлдвэрлэдэг “Эко Пак Монгол” ХХК болон гялгар тор, уут, сав баглаа боодол үйлдвэрлэдэг “ОБ пластик” ХХК-иар орсон юм. Үйлдвэрийн захирал Ж.Отгонбаяр “Төр, засгийн шийдвэрийг дэмжиж 0.035 мм-ээс дээш зузаантай нийлэг уут, сав баглаа боодол үйлдвэрлэх технологийн боломж бидэнд байна. Гагцхүү энэ тохиолдолд үнэ нэмэгдэнэ” гэж байлаа.  


Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 05 дугаар тогтоолд заасны дагуу дахин ашиглах зориулалттай хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн бий болгох үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Эко төлбөрийн тухай хууль” боловсруулж байгааг дуулган, ганц удаа ашигладаг гялгар уут сонгох уу, угааж цэвэрлээд дахин ашигладаг даавуун тор авах уу гэдэг сонголтыг ард иргэдэд үлдээж, байгаль орчин, эрүүл мэнддээ анхаарал тавих зохицуулалтыг төр хийх зайлшгүй шаардлагатай болсон хэмээв.


Энэ үеэр МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хүнсний бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх зориулалтаар ашигладаг нийлэг уутыг эцсийн дамжлагад нь шаардлага хангасан ариутгал, халдваргүйжүүлэлтэд оруулдаг эсэх, хүнсний зориулалттай түүхий эдээр үйлдвэрлэдэг эсэхийг тандсан судалгааг эрчимжүүлэхээ мэдэгдлээ.



 

Холбоотой мэдээ