Хороодын хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. НЦГ-ын Мөрдөн шалгах газар, Нийтийн хэв журам хамгаалах газартай хамтран энэ сарын 16-17-ны өдөр хороодын хэсгийн байцаагч нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа.
Сургалтаар байцаагч нарт гэмт хэргийг халуун мөрөөр илрүүлэх, таслан зогссох чиглэлээр хийж байгаа ажилд дэмжлэг үзүүлэн объектын судалгааг иж бүрэн хийж гүйцэтгэхийн ач холбогдолыг ойлгуулах, сурган дадлагажуулах юм. Мөн эд зүйл худалддаг хяналтын камергүй ААН, байгууллагуудыг камержуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор алба хаагчидтай санал солилцлоо.
НЦГ-ын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, хурандаа Ш.Цогбаатар, Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа И.Баттөгс, Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Амгалан-Энх, Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа М.Болдбаатар, Мэргэжил арга зүйн тасгийн дарга, дэд хурандаа Б.Ууганбаяр болон Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч, хэсгийн байцаагч нар дээр сургалтанд оролцсон.
НЦГ-ын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, хурандаа Ш.Цогбаатар, “Объектын судалгааг хийх аргачлал, хэсгийн байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагаа” сэдвээр, Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Амгалан-Энх “Хэсгийн байцаагч нарын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэх ажлын төлөвлөлт, баг хорооны засаг даргатай хамтран ажиллах, хөтөлбөл зохих бүртгэл судалгаа, үйл ажиллагаандаа ашиглах хууль тогтоомж дүрэм журам”-ын талаар, Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, ахлах дэслэгч Д.Энхтөр “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний заавал дагаж мөрдөх стандарт MNS:5274-2017, Мөнгө угаах гэмт хэрэг” сэдвээр алба хаагчдад сургалт, мэдээлэл хийлээ.
Мөн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн хэсгийн байцаагч нарын дунд “Ахмад үеэсээ суралцья” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж урилгаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэсгийн байцаагч, жижүүрийн ахлах офицероор ажиллаж байсан бэлтгэл хошууч Б.Өлзийсайхан, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагчаар ажиллаж байсан бэлтгэл ахмад Д.Жигжиддорж нар ирж алба хаагчдад туршлага хуваалцав гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээллээ.