Нефтийн үйлдвэрт зориулж 540 айлын орон сууц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-20 19:21:47

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Алтанширээ суманд эхэлсэн газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зориулж 540 айлын орон сууцны барилгын ажлыг энэ онд эхлэхээр болжээ.

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Монгол газрын тос” ХХК-ийн төлөөлөлтэй ярилцаж дээрх барилгыг барихаар болсноо дуулгасан юм.

Орон сууцанд газрын тосны дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг угсрах гадаад мэргэжилтнүүд  юун түрүүнд байрлах бөгөөд цаашдаа үйлдвэрт ажиллах монгол ажилчдын орон сууц болох юм байна.

Аймгийн төв Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т цахилгааны дэд станц, агаарын шугам, төмөр зам, авто зам зэрэг газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг УБТЗ болон бусад холбогдох компаниуд 2018 оноос эхлэн гүйцэтгэж байгаа. Бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөний дагуу үргэлжилбэл үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Холбоотой мэдээ