850 хүний суудалтай театрын барилгын ажил энэ онд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-01-16 15:46:15

Өмнөговь /МОНЦАМЭ/Өмнөговь аймгийн Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд барих 850 хүний суудалтай театрын барилгын ажил энэ онд эхэлнэ.

Тус аймагт 2019 оныг салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарлаад байгаа билээ. Соёлын салбарын ажлын хэсэг хуралдаж 2019 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэх үеэрээ дээрх барилгын ажлыг эхлүүлэх талаар ярилцсан байна. Уг барилгыг 13 тэрбум төгрөгийн өртгөөр барихаар төлөвлөж байгаа аж. 2017 онд аймгийн удирдлагууд театрын үйл ажиллагаатай танилцах үеэр театрын дарга Д.Гомбосүрэн "Манай хамт олны гол зорилго шинэ барилгатай болох асуудал. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр ашиглах боломжгүй болсон барилгад үйл ажиллагаа явуулж байгаа. Бид дүгнэлтүүдээ аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Театрт найман настай балчраас 80 настай буурлууд ч үйлчлүүлдэг. Ер нь аль ч газрын театр төрийн өндөрлөгүүд, гадна дотны зочдоо хүлээн авч угтдаг нутгийн нүүр царай байдаг" хэмэнэ танилцуулж байсан юм. Тус театрын барилга нь 1959 онд ашиглалтад орсноос хойш гурван удаа их засварт оржээ.

Үүний зэрэгцээ энэ онд тус аймгийн музейн шинэ барилгыг дуусгаж ашиглалтад оруулахаас гадна сумдын соёлын төвүүдийг засварлахаар болсон байна. "Соёлыг дэмжих жил" болгон зарласантай холбоотойгоор нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, унаа машинаар хангах юм. Мөн соёл урлагийн салбарын ажилчид, уран бүтээлчдээ бодлогоор дэмжих ажлуудыг зохион байгуулах юм байна.




Холбоотой мэдээ