280 сая төгрөгийн хөрөнгөөр шинэ Соёлын төвтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-11 14:20:27

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Асгат суманд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 280 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 140 хүний суудалтай Соёлын төвийн барилга ашиглалтад оржээ.

Тус сумын соёлын төв нь 1992 оноос хойш орон сууцны зориулалттай, зай талбай багатай, тохижилт муутай, галлагаатай байранд 26 жил үйл ажиллагаагаа явуулжээ. Соёлын төвийн байр муутайгаас гадна техник тоног төхөөрөмж муудаж, ашиглахад хүндрэлтэй болсон тухай сумын иргэд аймгийн Засаг дарга болон удирдлагуудад уламжилснаар шинэ байртай төдийгүй шинэ тоног төхөөрөмжтэй болжээ. Соёлын төвийн барилгын ажлыг Цэгт ХХК 2018 оны зургаадугаар сард эхлүүлж,  зургаан сарын дотор барьж ашиглалтад оруулсан байна. Соёлын төвийн барилга 24:18 харьцаатай, таван өрөө, нэг заалтай бөгөөд ашиглалтын талбай ньхуучнаасаа   хоёр дахин нэмэгдсэн байна. Энэхүү бүтээн байгуулалт нь Завхан аймагт канад технологиор, орон нутгийн төсвөөр барьсан нийтийн үйлчилгээний зориулалттай анхны байр юм. Дуу чимээ тусгаарлалтыг сайн хийж, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан гэдгийг гүйцэтгэгч компанийхан нээлтийн үеэр онцлов. Шинэ байртай болсон тус соёлын төвд аймгийн Засаг дарга долоон сая төгрөгийн үнэ бүхий техник тоног төхөөрөмжийг нээлтийн үеэр гардуулжээ. Тус Соёлын төвийн байранд сумын музей, номын сан хамт байрлаж үйл ажиллагаагаа явуулах юм байна. Ингэснээр хөдөөгийн сумын иргэдэд соёлын үйлчилгээг нэг дороос, чанартай, хүртээмжтэй хүртэх боломж бүрдсэн тухай сумын Засаг даргын тамгын газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ