Өмнөговь, Ховд сумдын нэгдсэн халаалт хэвийн хэмжээнээс доогуур байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-08 13:17:31


  Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумдын нэгдсэн халаалт, өвөлжилтийн байдалтай танилцаад өчигдөр ирсэн байна.


Тэд тус сумдын дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрээнийхээ дагуу дулаанаар хэрхэн хангаж буй үйл ажиллагаа, нүүрсний нөөц бүрдүүлэлт хэрхэн байгааг шалгажээ. Концессын гэрээгээр сумдад нэгдсэн халаалтын ажил хийсэн нь Өлгий, Бөхмөрөн сумдынх ямар нэгэн доголдолгүй үргэлжилж байна. Харин Өмнөговь, Ховд сумдын халаалт хэвийн хэмжээнээс доогуур байсан тул сумдын болон албан байгууллагын удирдлагууд, тусгай зөвшөөрөл бүхий компаниудын төлөөллийг байлцуулан температурын горимыг мөрдөн ажиллах, хэрэглэгчдийг шаардлага хангасан дулаан эрчим хүчээр хангах, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг мөрдөх, шаардлагатай нүүрсний нөөцийг бүрдүүлэх, барилгын дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллах үүрэг болгожээ. Тус ажлын хэсэг ойрын хугацаанд бүх сумдад ажиллах бөгөөд сумдын нэгдсэн халаалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар заавар зөвлөгөө өгч ажиллах юм байна. Сумдад ажиллаж дууссаны дараагаар Улаангом хотноо сумдын удирдлагууд, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын удирдлагуудыг хамруулсан нэгдсэн зөвлөгөөн хийх аж.

 

Холбоотой мэдээ