БНАСАУ-ын дипломатч сураггүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-04 10:04:28

РОМ. /NHK/. БНАСАУ-аас Италид суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч болон түүний эхнэр өнгөрсөн 11 дүгээр сараас хойш сураггүй болсон тухай БНСУ-ын Тагнуулын газраас пүрэв гарагт мэдээлэв.


БНСУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Италийн Засгийн газрын хамгаалалтад байсан хос гуравдагч орноос орогнол хүссэн байсан ажээ.


Пүрэв гарагт Үндэсний тагнуулын газар БНАСАУ-ын дипломатчийн талаар парламентын тагнуулын хороонд хаалттай мэдээлэл хийсэн байна. Нэгэн хууль тогтоогчийн мэдээлснээр, Италид суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Жо Сун Гил болон түүний эхнэр 11 дүгээр сарын эхэн үеэс хойш сураггүй болсон аж.


БНАСАУ-аас Италид суугаа Элчин сайдыг 2017 оны 10 дугаар сард цөллөснөөс хойш Жо Сун Гил түүний албыг хашиж байсан гэж БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Хууль тогтоогчийн мэдээлснээр, энэхүү мэдээллийг баталсан юм уу үгүйсгэсэн мэдэгдлийг Тагнуулын газрын ажилтнууд хийгээгүй байгаа ажээ.


Өмнө нь 2016 оны наймдугаар сард Лондонд Элчин сайдаар ажиллаж байсан Таэ Ён Хо оргон зайлсан нь БНАСАУ-ын Засгийн газрын шүүмжлэлийг ихэд дагуулсан юм.

Холбоотой мэдээ