Дарсанд хордсон хүүхдийн эхийг зөрчлийн хуулиар торгов

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-03 15:23:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дарсанд хордсон 3 настай хүүхдийн ээжид цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, хууль зүйн зөвлөгөө өгөв.

Тодруулбал, өнгөрөгч 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт согтууруулах ундаанд хордсон 3 настай хүүхэд ухаангүй хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байна гэх дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгажээ. Шалгалтаар тус дүүргийн 22 дугаар хороонд оршин суудаг Г, Л нар нь хөршийнхөө төрсөн өдрийг тэмдэглэхдээ хэрэглэсэн улаан дарсны үлдэгдлийг 3 настай хүүхэд нь ууж хордсоныг тогтоосон байна. Тус эмнэлгийн мэдээлж буйгаар, хүүхдийн хордлогыг эмчилж, бие нь хэвийн байдалтай болсон тул эмнэлгээс гаргажээ. Харин цагдаагийн байгууллагаас хүүхдийн ээж Л-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдийн бие махбодид халдсан, эсхүл үл хайхарсан” үндэслэлээр 300 нэгжээр торгох шийтгэл оноосон байна. Иймд Цагдаагийн байгууллагаас баяр ёслол тэмдэглэхдээ, насанд хүрээгүй хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриалав.

Холбоотой мэдээ