Трамп: АНУ Сириэс цэргээ гаргасны дараа ч тус улс дахь курдуудыг хамгаална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-03 14:14:03
Yesukheitumur Tumurbaatar

СИРИ. /SPUTNIK/. “Лалын улс” бүлэглэлийг дарсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 12 дугаар сард мэдэгдсэн бол Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс АНУ Сириэс цэргээ эргүүлэн татаж эхэлсэн гэж мэдэгдээд, гэхдээ энэ нь АНУ тэргүүтэй эвслийн Сири дэх кампанит ажил дуусгавар болж байгаа гэсэн үг биш юм гэж нэмж хэлжээ.

 

АНУ-ын цэргүүд Сириэс хэсэгчлэн гарч байгаа хэдий ч Сири дэх АНУ-ын дэмжлэгтэй курдын дайчдыг хамгаалах хүсэлтэй байгаагаа Д.Трамп лхагва гарагт мэдэгдэл хийхдээ илэрхийлсэн байна.

 

Мөн тэрбээр, “АНУ Сириэс цэргээ тодорхой хугацаанд эргүүлэн татна” гэж мэдэгдсэнээрээ дөрвөн сарын хугацаанд Сириэс цэргээ гаргана гэсэн хуваарь гаргаагүй гэдгийг нотолсон юм.

 

Үүний зэрэгцээ Курдын Ардын хамгаалах нэгж Дамасктай Манжиб хотоос дайчдаа гаргах хэлэлцээрийг байгуулсны дараа буюу он гарснаас хойш тус нэгжийн 400 орчим дайчин 30 машинаар Манжиб хотыг орхин гарсан байна гэж Сирийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.

 

Турк Манжиб хотод цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байх үед Курдын Ардын хамгаалах нэгж тус хот руу давшиж, хяналтыг авах уриалгыг Сирид гаргасан байна. Үүний дараахан буюу 12 дугаар сарын 28-нд Сирийн Зэвсэгт хүчин мэдэгдэл хийж, Манжиб хот руу цэргээ оруулснаа зарласан юм. Харин бямба гарагт Кремлийн ордноос хийсэн мэдэгдэлд, Сирийн хүчин Манжиб орчмын бүс нутагт хяналтаа тогтоосон гэж дурдсан байна.

 

Туркийн аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн Турк Сирийн хойд нутаг дахь Курдын дайчдын ажиллагааг эсэргүүцдэг билээ. Үүгээр ч зогсохгүй Турк өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын дэмжлэгтэй Курдын Ардын хамгаалах нэгжийн эсрэг Африн хотод цэргийн ажиллагааг эхлүүлсэн юм. Турк нь тус нэгжийг Курдын Хөдөлмөрийн намын холбоотон гэж үзэн террорист байгууллагын жагсаалтад оруулсан байна. Харин Дамаск Туркийн уг ажиллагааг түрэмгийлэл гэж үздэг билээ.

Холбоотой мэдээ