2018 оны онцлох номууд

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-12-31 15:43:10

 

ОНЫ ОНЦЛОХ ОРЧУУЛГЫН 5 НОМ



Стефан Цвейг | “ШАТРЫН ТУУЖ”


Германы нэрт зохиолч Стефан Цвейгийн “Шатрын тууж” зохиолыг оны онцлох орчуулгын номоор нэрлэж байна. Тус бүтээл нь Цвейгийн туурвилуудаас баруунд хамгийн ихээр алдаршсан бүтээлүүдийн нэгд тооцогддог юм. Гитлер болон нацизмын үеийн хоригдлын сэтгэлзүйн байдлыг тодорхой өгүүлсэн тус бүтээлийг сэтгэл догдлон уншихаас өөр аргагүй билээ.


Харуки Мүраками | “ЭМСГҮЙ ЭРС”


Японы алдарт зохиолч Мүракамигийн бас нэгэн онцгой бүтээл. Энд номонд багтсан 7 өгүүллэгт хайртай хүнтэйгээ учирч аз жаргалтай гэр бүл цогцлоосон нэг ч дүр гарахгүй. Магадгүй бид хоосноос л бүтэж бүрэлдсэн хийгээд тэндээ үүрд мөнх орших ёстой мэт мэдрэмжүүдийг төрүүлнэ. Уг номын өгүүллэг бүр өнөөгийн залуусын нийгэмд эзлэх байр суурь, сэтгэлзүйн ганцаардмал байдлын толь юм.


Ж.К.Роулинг | “ХАРРИ ПОТТЕР ЦУВРАЛ”


Ж.К.Роулингийн шидтэн хүүгийн тухай алдарт зохиолыг Монголын хүүхэд, залуучуудад зориулан зохиогчийн эрхийн агент болох “The Blair Partnership”-ээс өгсөн албан ёсны зөвшөөрлийн дагуу “Монсурдар”-аас эрхлэн гаргасан нь энэ оны онцлох номын тоонд багтахгүй байхийн аргагүй билээ.


Ю.Н.Харари | “САПИЕНС: Хүн төрөлхтний товч түүх”


2014 онд Израйлын түүхч Ю.Н.Харарийн “Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх” бүтээл англи хэлнээ хэвлэгдэн гарснаар уламжлалт ойлголтуудыг өөрчилсөн юм. Тус бүтээл 50 орчим орны хэлээр орчуулагдан гарсан байна. Тус бүтээлийн тухай “Forbes” сэтгүүл онцолж байжээ.  Аливааг илүү нухацтай, өргөн хүрээнд харахад тань тус бүтээл туслах биз ээ.


Орхан Памук | “ИСТАНБУЛ: Дурсамж ба хот”


“Истанбул: дурсамж ба хот” дурсамжийн бүтээлдээ Памук Турк орныг, хүмүүсийг, туркийн түүхийг өөрийнхөө амьдралын мөчлөгтэй холбон, уран яруу, егөөтэй, үнэн бодит, сонирхолтой өгүүлсэн байна. Хоёр ертөнцийн заагт оршдогоороо ч, түүхийн жим огтлолцож явснаараа ч тэр эл баримтат бүтээл монгол уншигчдад тун ч сонин байсан нь мэдээж.


ОНЫ ОНЦЛОХ 5 МОНГОЛ НОМ


П.Батхуяг | “Хүйтэн хотын романс”


Өнөөгийн Монголын уран зохиолд нийгмийн шилжилтийн үеийн хот, хотын хүмүүсийн амьдралын талаар бичсэн зохиол төдийлөн элбэг бус. Тэр тусмаа уран сайхны өвөрмөц шийдлээр, нийгэм цаг үеийн байдалтай холбон харуулсан бүтээл байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэр л орон зайд "Хүйтэн хотын романс" бүтээл бичигджээ.


Ц.Буянзаяа | “Хар үхэр, Алаг сүүдэр”


Зохиолч яруу найрагч Ц. Буянзаяагийн "Хар үхэр, алаг сүүдэр" роман нь өнөөгийн Монголын нийгмийн амьдралын гүнд болж буй хүмүүс хоорондын харилцааны дотоод зүй тогтлыг дэлгэн үзүүлсэн бүтээл юм. Тэр тусмаа зохиолын баатруудын сэтгэл зүйгээр дамжуулан хувь хүмүүсийн ухамсар, оюун санааны давтагдашгүй хэв маягийг дүрслэн үзүүлжээ.


Ц.Ариунтуяа | “Тэнгэрийн охины зүүд”


Залуу зохиолч Ц.Ариунтуяагийн “Тэнгэрийн охины” зүүд өгүүллэгийн түүвэр хэдийгээр анхны ном боловч уншигч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Үндсэн уламжлалт бичлэгээс гадна дам санаа агуулсан, бичлэгийн онцгой хэлбэрүүд бүхий “Бөгтөр”, “Хажуу өрөө” зэрэг өгүүллэгүүд нь нэлээдгүй сонирхолтой.


Т.Мандир | “Нөмгөн эр”


Ер бусын сонин гойд үйл явдал, гэнэтийн гайхамшигт учрал тохиолдыг хурц зөрчил, уран шийдэлтэй урлан бичих хүүрнэл зохиолын нэгэн өвөрмөц төрөл бол новелла хэмээх туурь юм. Т.Мандир зохиогчийн “Нөмгөн эр” хэмээх арван нэгэн түүхэн тууриас бүрдэх тус ном нь онцгой бичлэг, зохиогчийн ур чадвараар ялгарах болно.


Б.Баясгалан | “Эдгэрэл” (яруу найраг)


Энэ онд хэвлэгдсэн олон арван шүлгийн түүврүүд дотроос Б.Баясгалангийн “Эдгэрэл” номыг онцлууштай. Хүн урлагаар, тэр дундаа яруу найргаар дамжуулан эдгэрэл олж болох уу? Магадгүй энэ л аливаа хүний доторх чимээгүй шаналан, уйтгар гунигийг эмчлэх шилдэг арга байж мэдэх юм.

 

ШИНЭ ОНЫ ОРОЙН ОНЦЛОХ НОМ




Цагийн зүү арван хоёрыг дохиолоос өмнө гацуур модныхоо дэргэд ном унших хүсэлтэй бол танд Чарьлз Диккенсийн санал болгож байна. Түүний “Зул сарын магтуу” буюу сүнсний тухай хүүрнэл өсвөр насныханд зориулагдсан гэлээ ч томчууд мөн унших боломжтой бүтээл билээ.


Хүүхдүүдэд сайхан сэтгэлийн ач тус, сайхан сэтгэлтэй байхийг хүнлэг чанарыг энэ зохиол мэдрүүлнэ.

 

 

Холбоотой мэдээ