“Шанхын хийд”-д төрийн анхны тугийг тахих ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Шанхын хийд”-д төрийн анхны тугийг тахих ёслол боллоо.
Тус хийдэд Богд Хаант Монгол Улсын төрийн шинэ тугийн эх хувь байдаг ба орон нутгийн удирдлага, хийдийн санаачилгаар уг тугийг мандуулах, цэнгүүлэх ёслолын арга хэмжээг 2014 оноос эхлэн уламжлал болгон тогтоожээ. Чингис хааны Их хар сүлдийг “Баруун хүрээ” хийдэд тахьдаг байсан уламжлалыг даган Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо олж авахдаа төрийн шинэ тугаа энд хадгалан үлдээсэн байдаг.
“Шанхын
хийд” буюу “Баруун хүрээ” хийдийн туурь нь Хархорин сумын Шанх багийн төвөөс урагш,
4 км орчим зайд Харзан голын баруун эрэгт, “Сайхан булгийн дэнж” хэмээх газар оршдог юм.