Халаагаа өгч буй 2018 онд Сэлэнгэ аймагт өрнөсөн онцлох үйл явдлууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг улиран одож буй 2018 онд
амжилт бүтээл, ололт амжилт дүүрэн байлаа. Ингээд зарим онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэе.
Сэлэнгэ аймаг “газар тариалангийн бүс нутаг” болов
Газар тариалангийн гол бүс нутгийн
хувьд “Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж
ахуй, газар тариаланг эрхлэх стратегийн бүс нутаг болгох” саналыг Засгийн газарт уламжилснаар 2018 оны Засгийн
газрын 131 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймаг “Газар тариалангийн бүс нутаг” болж
олон жилийн хүлээлт биеллээ олов.
Сэлэнгэ аймгийн удирдлагын баг аймагтаа 7 тэрбумын
хөрөнгө оруулалтыг татав
Сэлэнгэ аймаг 2018 оныг ”Хөрөнгө оруулалтын үр
ашгийг нэмэгдүүлэх” жил болгон зарласан. Энэ ч утгаар аймагтаа анх удаа “Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулга,
уулзалт” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан юм. Чуулганы хүрээнд аймгийн
Засаг дарга Ш.Оргил 13 байгууллага, нэг иргэнтэй
хамтран ажиллах гэрээ, санамж бичигт гарын үсэг зурж 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймагтаа татаж чадлаа.
Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын хөгжлийг дэмжиж,
чадавхийг сайжруулна
Германы Олон Улсын
хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс
олгосон 30.000
еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил,
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал
Карин Райнпрехт нар гарын үсэг зурав. Энэхүү хөрөнгө Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын хөгжлийг дэмжиж,
чадавхийг сайжруулах зорилготой. Сэлэнгэ аймаг Германы Олон Улсын хамтын ажиллагааны
нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн хүрээнд цаашид аялал жуулчлалын зэрэгцээ хөдөө аж
ахуй тэр дундаа жимс, ногооны өртгийн сүлжээг сайжруулах ажлыг хийх юм.
Хилчид тохилог дулаан орон
сууцтай болов
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл
ажиллагааны хөтөлбөрт хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа, хилчдийн ахуй
нөхцлийг дэмжинэ хэмээн тусгасан. Энэхүү зорилтынхоо хүрээнд Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит дэд хурандаа
В.Намхайнямбуу захирагчтай Хилийн 0101 дүгээр ангийн Сүхбаатар төв дээр 14 айлын орон сууц, хурандаа Х.Дамдинсүрэн захирагчтай хилийн 0243
дугаар ангийн Номт заставт дээр найман айлын орон сууцыг ашиглалтанд орууллаа. Ингэснээр
эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч офицер, ахлагч нарт маань ар гэртээ
санаа зовох зүйлгүйгээр ариун дагшин хилээ хамгаалах, хилчдийн ар гэр ая тухтай
амьдрах нөхцөл бүрдүүллээ.
Аяллын шинэ маршрут “Цамхаг”
Тужийн нарсны
тусгай хамгаалалтын ойд хүний гараар бүтсэн нарсан ойг харж байгаль экологитой
танилцахад зориулагдсан шинэ цамхагийг ашиглалтад орууллаа. БНСУ-ын “Юүхан Кимберли” компани 10 м өндөр, зургаан м урт, таван м өргөн, нийт 144м2 талбайтай цамхагийг барьж байгуулав. Энэхүү цамхаг нь хүүхэд багачуудад таримал ой,
түүний арчилгааг таниулах, экологийн боловсрол олгох, цаашлаад жуулчдын очих
дуртай газар болгоход ач холбогдолоо өгөх ажээ.