Гэр хорооллын газраа чөлөөлсөн 180 айл байрныхаа түлхүүрийг гардав

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-28 12:37:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан 180 айлын орон сууцны нээлт  өчигдөр болж, газраа чөлөөлсөн иргэд байрныхаа түлхүүрийг гардав.

Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаны хүмүүс оролцов. "Зургаан талт" компанийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, орон сууцны 14 дүгээр хороололд ашиглалтад оруулсан 120 айлын орон сууц , Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол орчимд "Пример инвестмент"  ХХК-ийн барьсан 60 айлын орон сууцыг ийнхүү ашиглалтад оруулсан байна.

Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, "Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудлын нэг бол агаар орчин, хөрсний бохирдлын асуудал юм. Үүнийг шийдвэрлэх гол гарц төдийгүй, хамгийн оновчтой шийдэл бол иргэд Гэр хорооллыг барилгажуулах төслийг хэрэгжүүлж байгаа нийслэлийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа агентлагууд, хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, өөрсдийн өмчлөл, эзэмшлийн газраа чөлөөлүүлэн, амьдрах орчиноо сайжруулж, орон сууцанд орох боломж юм. Энэ оныг НИТХ, НЗДТГ-аас "Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил" болгон зарласан. Үүний илэрхийлэл болж өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдтэйгээ хамтран 60  айлын орон сууцыг хүлээн авч байгаа явдал юм. Төсөлд оролцон өөрийн амьдарч байсан газраа төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран Улаанбаатар хотын агаар орчины бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан иргэдэд талархаж байгаагаа илэрхийлье" гэв.

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43, 14/02, 2014 оны 19/23, 2018 оны 127 дугаар тогтоолын дагуу гэр хорооллыг барилгажуулах төслийг 25 байршлын 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэх юм. Тус батлагдсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбай нь 16.317 нэгж талбай бүхий 1516.6 га газрыг хамарч, гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амийн есөн хувийг эзэлж байна.

Дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр эдгээр байршлуудад 89.968 айлын 961 блок орон сууцны барилга барих юм. Ингэснээр гэр хорооллын өрхийн 41.5 хувь нь орон сууцанд орох боломжтой болно.

Эл төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 1.712 нэгж талбайн газрыг чөлөөлж, 7.227 айлыг орон сууцанд оруулж, 5001 айлын янданг буулгаж, агаарын бохирдлыг үүсгэх эх үүсвэрийг мөн хэмжээгээр бууруулсан байна.

Холбоотой мэдээ