БНСВУ-ын Элчин сайд Доан Тхи Хыөнг МОНЦАМЭ агентлагт зочиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагт өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнг зочиллоо.
Тэрбээр “Ирж буй 2019 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буй бөгөөд соёл урлаг, хүмүүнлэг, эдийн засгийн харилцаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн уулзалтын үеэр онцлов. Мөн БНСВУ-ын мэдээллийн VNA агентлагийн Ерөнхий захирал, ноён Нгуен Дук Лойгоос МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэгт болон нийт хамт олонд ирүүлсэн шинэ оны мэндчилгээг уламжлаад, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа орчин цагт улам бүр төгөлдөржих учиртайг илэрхийлж, үүнд хоёр улсын мэдээллийн агентлагийн хамтын ажиллагаа, сэтгүүлчдийн оролцоо чухал гэдгийг тэмдэглэв.
МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнгийг тус агентлагт зочилж буйд талархал илэрхийлж, 2017 онд Ханой хотноо VNA агентлагийн урилгаар айлчилж, МОНЦАМЭ, VNA агентлагийн хооронд хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулснаа дурсан, хоёр орны олон жилийн найрсаг хамтын ажиллагааг улам ойртуулахад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг оролцоог чухалчилсан Элчин сайдтай санал нэг байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн МОНЦАМЭ, VNA агентлагууд олон жилийн туршид хоёр орны харилцааны гүүр болж ирсэн, цаашид ч ийм байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжиж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг тодотгож, үүний нэг жишээнд Вьетнам улсаас Монголд ирэх жуулчдын тоо 2018 онд өмнөх жилээс 25 хувиар өссөнийг тэмдэглэв. Мөн цаашид соёлын болон аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр олсон ололтоо бататгаж, шинэ түвшинд гаргахад МОНЦАМЭ агентлагтай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
БНСВУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 2019 онд Монголын соёлын өдрийг Вьетнамд, Вьетнамын соёлын өдрийг Монголд зохион байгуулах, Вьетнамын гар урлал, уран зургийн үзэсгэлэн гаргах, Ханой хотноо хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг танилцуулах, Монгол, Вьетнамын киног харилцан сурталчлах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах ажээ.
Уулзалтын төгсгөлд МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг харилцааны бүхий л асуудлаар ЭСЯ-тай хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно гэдгийг онцлоод Элчин сайдад ажлын амжилт хүсэв.
Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнг МОНЦАМЭ агентлагт зочлох үеэр Агентлагийн Үндэсний монгол бичгээр эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины редакцийн монгол бичгийн үзэсгэлэнг сонирхож, өөрийнх нь нэрийг монгол бичгээр бичсэн дурсгал Ханой дахь гэрт нь байдгийг дурсан “Монгол бичиг бол хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт бичиг соёлуудын нэг хэмээн хүндэтгэдэг” гэсэн юм.
Гэрэл зургийг Б.Чадраабал