Токиогийн Олимпын наадамд ажиллах хүсэлтэй сайн дурынхан олон байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-12-27 14:32:03

ТОКИО. /Kyodo/. 2020 оны Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороонд сайн дураараа ажиллах хүсэлт гаргасан хүмүүсийн тоо 186 мянга хүрсэн нь шаардлагатай ажилтнуудын тооноос хоёр дахин давсан тухай наадмын зохион байгуулагчид мэдээлэв.


Сайн дурын ажилтнуудын өргөдлийг хүлээн авах хугацаа баасан гарагийн оройны 5 цагт дуусах юм. Бүртгүүлсэн хүмүүсийн 63 хувь нь эмэгтэй, 37 хувь нь гадаадын иргэн байгаа ажээ. Өнгөрсөн есдүгээр сард эхэлсэн цахим бүртгэлээс нийт 80 мянган хүнийг шалгаруулахаар төлөвлөж байгаа юм байна.


Сайн дурын ажилтнуудыг үйл ажиллагаанд оролцох, хэвлэл мэдээллийнхэнд туслах хийгээд наадмын үеэр ажиллах зэрэг хэд хэдэн хэсэгт хуваарилах ажээ. Тэдгээрийг сонгон шалгаруулах ажиллагааг ирэх оны хоёрдугаар сард зохион байгуулах ба 10 дугаар сараас эхлэн чиглүүлэх сургалтад хамруулна.


Токиогийн Олимпын наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл, Паралимпын наадам наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6 хүртэл тус тус үргэлжлэх ажээ. 

Холбоотой мэдээ