“Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтууд” бодлогын баримт бичигт иргэдийн саналыг тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-12-25 16:11:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтууд” дунд хугацааны баримт бичгийн төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулав.


Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгууд болон түүнийг Улаанбаатар хотод нутагшуулах хүрээнд боловсруулагдсан “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтууд” бодлогын баримт бичгийн төсөлд иргэд, олон нийтийн саналыг авч, тусгахад энэхүү хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм.


Хэлэлцүүлэгт нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн төлөөлөл болон НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх О.Энх-Ариунаа зэрэг албаны төлөөллүүд оролцов.


Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх О.Энх-Ариунаа, “Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгын талаарх ерөнхий танилцуулга”, Хүний хөгжил судалгаа, сургалтын төвийн Ш.Мөнхцэрэн “Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилтууд бодлогын баримт бичгийн төслийн танилцуулга”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд иргэний оролцоо” сэдвүүдээр илтгэл тавилаа.


НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2015 оны есдүгээр сард “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг 193 гишүүн орны хамтын шийдвэрээр баталж, үүнтэй уялдуулан манай улс “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны бодлогын баримт бичгийг 2016 онд УИХ-ын 19 дүгээр тогтоолоор баталсан юм. Эдгээр бодлогын баримт бичгүүдийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот орон нутгаа манлайлан, хотынхоо онцлогт тохирсон Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтууд, түүнд хүрэх арга замыг тодорхойлох ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр хийн, түүнийгээ сайжруулахаар үе шаттай хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн хэлэлцүүлэг юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Холбоотой мэдээ