Тусгай бүлгийн цэцэрлэгийг өргөтгөж, хүүхэд нэмж авах боломжийг бүрдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-25 20:00:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/ Арвайхээр сумын Тусгай бүлгийн 11 дүгээр цэцэрлэгийг 160 м/кв талбайгаар өргөтгөж, хүүхдийн тоог нэмэх боломжийг бүрдүүллээ. Одоогоор тус цэцэрлэгийн хоёр бүлэгт 32 хүүхэд суралцаж байгаа бол барилгыг өргөтгөснөөр 40 гаруй хүүхэд хичээлийн, урлагийн, чийрэгжүүлэлтийн өрөөнд өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой болж байна.
Сургуулийн өмнөх насны, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах асуудалд аймгийн удирдлагууд онцгой анхаарч, Арвайхээр суманд тусгай бүлгийн цэцэрлэгийг 2017 онд байгуулсан юм. Тус цэцэрлэг нь тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 2-10 насны хүүхдэд эмчийн хяналтан дор сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэн эрүүл мэндэд нь хяналт тавьж, алслагдсан чадамжийг нь сэргээх, туслах үйлчилгээ үзүүлж  байна. 

Цэцэрлэгийн захирал н.Болормаа хэлэхдээ "Хүүхдүүдтэй нэг бүрчлэн тулж ажилладаг учраас дээд тал нь 30 хүүхэд байхад хангалттай байдаг. Нэг багш нэг хүүхдэд үйлчилгээ үзүүлэхэд 30-50 минут зарцуулдаг учраас багш нар илүү ачаалалтай ажилладаг юм" гэв. Цэцэрлэгийн өргөтгөлд орон нутгийн төсөв, “Дэлхийн зөн” ОУБ-ын төслийн хүрээнд 80 гаруй сая төгрөг зарцуулжээ.

Холбоотой мэдээ