Өнгөрсөн амралтын өдрөөр 5 согтуу жолооч зам тээврийн осолд өртжээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-24 15:28:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТЦА-нд өнгөрсөн амралтын өдөр нийт 594 дуудлага иржээ. Үүнээс ослын шинжтэй 553 дуудлага мэдээллийн хүлээн авч шалгав.

Ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 16 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн ба үүний 3 нь бага насны хүүхэд байжээ. Хоногийн нөхцөл байдлын мэдээллээс үзэхэд нийт бүртгэсэн зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөсөн, 34 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол байх бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд холбогдсон жолооч 5, явган зорчигч 2 бүртгэгдэв. 

Замын хөдөлгөөний шинэ дүрэмд явган зорчигчийн амь насыг хамгаалах зорилгоор “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” иргэн бүр, хуулийн этгээдэд үүрэг болгосон нь тэдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. 

Иймээс байгууллага аж ахуйн нэгж, найз нөхөд, хамт олон, иргэн бүр энэхүү заалтыг хэрэгжүүлж, анхаарах шаардлагатай.  

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.  

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салааны замд “T.Corolla” маркийн автомашин нь хэн болох нь тодорхойгүй явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон ослыг тус дүүргийн замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Холбоотой мэдээ