“Алтан сарнай” наадамд оролцогчдын хандивыг хүүхдийн тасагт шаардлагатай тоног төхөөрөмжид зориулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-24 11:02:36

Ховд /МОНЦАМЭ/ Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо “Алтан сарнай” наадам “Эрүүл Монгол хүүхдийн төлөө уриан дор зохион байгуулж, наадамд оролцогчид нийслэлийн хүүхдийн эмнэлэг болон алслагдсан аймгийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулж хандив цуглуулжээ.

Тус наадамд оролцогчдын хандиваар худалдан авсан тоног төхөөрөмжүүдээс алслагдсан аймгийн хүүхдийн эндэгдэл бууруулахад хувь нэмэр оруулах сайхан санаачлага гаргасан нь цаг үеэ олсон шийдвэр байлаа.

Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай байдаг 4 нэр төрлийн 8 тоног төхөөрөмжийг Ховд аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны/НАМЗХ/ тэргүүлэгчид хүүхдийн тасгийн хамт олонд гардуулав.

НАМЗХ-ноос хандивлаж байгаа тарилгын аппарат, дуслын автомат шахагч, утлагын аппарат, шарлагын аппарат, хүчил төрөгчийн аппарат зэрэг тоног төхөөрөмжүүд нь хүүхдийн ханиад хатгалгааг хүндрэхээс хамгаалж, эмчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлсэн, хүүхэд эцэг эхчүүдэд нэн тустай ажил болсныг эмч, эмнэлгийн ажилтнууд хэлж талархал илэрхийллээ

Шинэ жилийн баярыг гялгар уутанд хийсэн төрөл бүрийн амттан, бялуугаар төсөөлдөг хандлагыг өөрчилж тус холбооны залуус улс эх орныхоо хойч ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл энхийн манаанд зогсдог эмч мэргэжилтнүүддээ нэн хэрэгцээтэй төхөөрөмж нийлүүлсэн нь шинэлэг агаад үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.


Холбоотой мэдээ