БНХАУ-ын хакеруудыг эрэн сурвалжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-21 14:20:49

ВАШИНГТОН. /BBC/. Өрнөдийн орнуудын Засгийн газрын агентлагууд болон компаниудын компьютерын сүлжээг хакердсан хэмээн БНХАУ-ын хоёр иргэнийг буруутгаж байгаа тухай АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлэв.


Жу Хуа болон Жан Шилун гэгч этгээдүүд нь Хятадын Тагнуулын газартай холбоотой хакеруудын бүлгийн гишүүд бөгөөд тэднийг баривчлаагүй байгаа юм байна.


“Ж.Хуа болон Ж.Шилун нар нь Хятадын Аюулгүй байдлын яамтай хамтран ажилладаг “Хуаин Хайтай” компанид ажилладаг” гэж АНУ-ын шүүхийн мэдүүлэгт тэмдэглэжээ.


АНУ болон Их Британийн эрх баригчид БНХАУ-ыг арилжаанд тагнуул хийхтэй холбоотой хэлэлцээрийг зөрчсөн хэрэгт удаа дараа буруутгасаар ирсэн юм.


АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлснээр, 2006-2018 онд уг хоёр этгээд нь АНУ-ын 12 муж улсын худалдаа, батлан хамгаалах технологийн 45 компани хийгээд Их Британи, Бразил, Канад, Финланд, Франц, Герман, Энэтхэг, Япон, Швед, Швейцар болон Арабын Нэгдсэн Эмирт зэрэг наад зах нь 12 орны Засгийн газар, худалдааны компанийн компьютерын системийг хакердаж, оюуны өмчийн бүтээл, бизнес, технологийн мэдээллийг хулгайлсан ажээ.


Тэд мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн албаны компьютеруудын системд нэвтэрч, 100 мянга гаруй хүний хувийн мэдээллийг хулгайлсан байна.

Холбоотой мэдээ