Мөрдөн байцаах алба стандарт хангасан шинэ байртай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-21 13:26:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба /МБА/-ны шинэ байрны нээлтийн арга хэмжээ өчигдөр /2018.12.20/ болов.МБА нь 72 жилийн түүхэндээ хуулиар хүлээсэн чиг үүрэг, албаны онцлогийг тусгайлан харгалзаж, албаны бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж, алба хаагчийн ажиллах орчныг сайжруулах орчин үеийн дэвшилтэд техник, технологиор тохижуулсан шинэ барилгаа ийнхүү хүлээн авлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, тус яамны харьяа газар агентлагуудын удирдлага болон ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, даргын зөвлөлийн гишүүд болон МБА-ны үе үеийн удирдлага, ахмад ажилтан, алба хаагчид оролцов.



ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, "ХЗДХЯ-нд ажиллах хугацаандаа миний бие цагдаагийн байгууллагын хамт олныг ойрын 50-100 жилийн хугацаанд амар тайван орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөхийг зорьж ажиллав. Цагдаагийн алба хаагчид маань ар гэрээ мартаж, энэ нийгмийг сайн сайхан байлгахын төлөө үргэлж зүтгэдэг. Тиймээс Мөрдөн байцаах албаны алба хаагчид стандартын шаардлага хангасан байранд ажиллах ёстой хэмээн бодож, энэ барилгад нэг ч ширхэг хуучин тавилга тавиулаагүй. МБА-ны нийт алба хаагчдад хандаж хэлэхэд та бүхэн энэ шинэ стандартын барилгадаа нийцэж, зохицож, таарч, тэнцэж ажиллаарай гэж хэлмээр байна. Та бүхний сэтгэл зүрх, зарчим, хариуцлагатай байдлаас Монгол төрийн хувь заяа шалтгаална. Худал хуурмаг, хуйвалдааны өмнө бууж өгч болохгүй. Гурван сая иргэний төлөө үнэн сэтгэлээсээ ажиллаарай гэж хэлмээр байна" гэлээ.



МБА-ны дарга, хурандаа Д.Отгонжаргал, “Анх 1938 онд баригдсан тоосгон ханатай модон хучилт бүхий хоёр давхар барилгыг 1956 онд гурван давхар болгон өргөтгөсөн бөгөөд МБА маань 1988-2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 30 жилийн турш тэрхүү 3 давхар саарал барилгадаа үйл ажиллагаагаа явуулжээ. Тэгвэл барилгын суурин дээр бид өнөөдөр 6809 мкв хэмжээтэй орчин үеийн дэвшилтэт техник технологиор бүрэн хангагдсан шинэ байрандаа орж байна. Засгийн газар, ХЗДХЯ, барилгыг барьж гүйцэтгэсэн “Билгүүн Монгол Констракшн” компани болон бусад байгууллага хамт олонд талархъя. Ялангуяа барилгын шавыг тавихаас эхлээд дуусах хүртэл байнга биечлэн анхаарал тавьж, зааварчилж , чиглүүлж ажилласан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танд баярласнаа илэрхийлье. Энэхүү барилга ашиглалтад орсноор МБА, Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба хаагчдын ажиллах, бие бялдраа хөгжүүлэх таатай орчин бүрдэнэ. Цаашид бид иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөхийн төлөө хичээн ажиллана" гэв.



Мөрдөн байцаах газрын дарга асан, бэлтгэл хурандаа Д.Алтангэрэл, "МБА-ны хувьд 70 орчим жил өөрийн гэсэн байргүй олон байгууллагын хаяанд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Монгол улсын анхны ерөнхийлөгч Д.Очирбат Засгийн газарт чиглэл өгүүлснээр Засгийн газар тогтоол гаргаж, Мөрдөн байцаах байгууллагуудыг нэгтгэн 1990-ээд оны эхээр тус алба маань айлын өрөөнөөс гарч хуучин ч гэсэн өөрийн гэсэн байртай болсон. Ингэснээр алба хаагчдын ажилд тодорхой ахиц гарсан. Тэдний ажиллах нөхцөл ажлын үр дүнд нөлөөлдөг нь үүнээс харагдаж байсан. Тэгвэл өнөөдөр орчин үеийн шаардлага хангасан барилгад нүүн орж байгаа алба хаагчид маань илүү их урам зоригтойгоор ажиллаж чадна гэдэгт итгэж байна" гэв. 


Барилгад тус албаны онцлогт тохируулан мэдүүлэг авах өрөө, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт хадгалах агуулах, хурдан муудах эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй өрөө, хурлын танхим, дулаан зогсоол, иж бүрэн камерын системийг шийдэж өгчээ. Мөн алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч бялдаржуулах, албаны бэлтгэлийн заал, хоолны өрөө зэргийг барьж тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлжээ.



Холбоотой мэдээ