МЭ VII зуунаас нүүдэлчдийн дунд Христийн шашин дэлгэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-01-17 09:13:33
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв Азид Христийн шашин МЭ VII зуунаас эхлэн дэлгэрсэн бөгөөд Монголын эзэнт гүрний зарим хаад хатад Христийн шашинтай байсан тухай өгүүлэх нэгэн сонирхолтой баримтат киног энэ сарын 15-нд Шангри Ла төвийн "Өргөө 3" кинотеатрт нээв.

  

Монгол нутагт Христийн шашин дэлгэрсэн нь урт удаан хугацааны түүхтэй хэдий ч түүнийг судлан олонд танилцуулсан нь харьцангүй бага аж. Тэгвэл яг энэ сэдвийн хүрээнд зохиогч, түүхийн ухааны доктор О.Болормаа, найруулагч Б.Баяр нар “Амьд Үг Хөгжил Сан” ТББ-ын санаачлагаар бүтсэн “Ариун номын эрэлд” танин мэдэхүйн баримтат киногоо олны хүртээл болголоо.


 


Цаг орчим үргэлжлэх уг кинонд Монголын нутгаас олдсон Христийн шашны түүхтэй холбогдох археологийн дурсгалууд, бичгийн мэдээ сурвалжийг тайлан өгүүлж, Их Монгол улс, Монголын эзэнт гүрний бусад улс үндэстний шашин шүтлэгийг хүлээн зөвшөөрсөн Чингис хааны үзэл санаа болон Чингис хааны дархан бэр Сорхугтани Бэхи, Хүлэгү хааны хатан Докуз тэргүүтэй зарим монгол хатад Төв Азид Христийн шашныг дэлгэрүүлэхэд гүйцэтгэсэн үүргийг судлан дүрсэлсэн байна. Кинонд Христийн шашныг эртнээс шүтэх болсон ӨМӨЗО-ы Ордосын Үүшин хошууны Эрхүүд овогтны тухай тусгайлан өгүүлжээ.

 

Киног бүтээхэд, тэр дундаа судалгаа шинжилгээнд нэлээд цагийг зарцуулсан бөгөөд киноныхоо зургийг Монголоос гадна Итали, ӨМӨЗО зэрэг хилийн чанадад ч авч, гадны олон эрдэмтэн судлаач, энгийн иргэд оролцсоноороо онцлогтой болсон байв.  

 

“Ариун номын эрэлд” киноны ерөнхий найруулагч Б.Баяр ”Киноны анхны зохиол уран сайхны дүрслэл ихтэй байсан. Бид ярилцаад түүхэн баримтыг тэр хэвээр нь л хүмүүст хүргэе гэдэгт санал нэгдсэн. Киноныхоо зургийг маш олон газарт нэг жилийн хугацаанд авсан. Манай улс Манжийн эрхшээлд 200 жил, дараа нь ЗХУ-ын хараанд 80 гаруй жил байсан. Энэ хугацаанд бидний үүх түүхийг гуйвуулах, соёлыг царцаах бодлого явдаг байсан нь олон зүйлээр ажиглагддаг. Яг тэр үед бидний түүхийн нэг хэсэг арчигдан алга болсныг киногоороо үзүүлэхийг зорилоо. Уг бүтээлээр бид ямар нэгэн шашин, шашны байгууллагыг сурталчилсангүй. Харин мартагдсан нэгэн түүхээ сөхсөн юм” гэлээ.



/Дааган чулуу. Баянхонгор аймаг, Баянбулаг сум. Даагын булгийн боржин хадан дээр загалмай цоолборлож, түүний эргэн тойронд 100 гаруй хонхрыг тэгш хэмтэй дүрсэлжээ/  


Буддын, Христийн, Исламын гурван том шашин аль ч цаг үед өөрийн үзэл санаа, нөлөөг  дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэхийг эрмэлзсээр ирснийг эрдэмтэн судлаачид хэлдэг. Тиймдээ ч Загалмайтны буюу Христийн шашин он цагийн хувьд хэд хэдэн удаа нүүдэлчдийн дунд дэлгэрч, ул мөрөө үлдээсэн байдаг аж.


“Ариун номын эрэлд” баримтат киноны зохиогч, түүхийн ухааны доктор О.Болормаа
“МЭ IV, V зууны үед Христийн шашин дотроо хэд хэдэн урсгалд хуваагдсан байсан. Тэр үеийн хамгийн томд тооцогдох Константинополь хотын чуулганыг Несторын шавь нар толгойлж байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Несторын урсгал Төв Азид дэлгэрэхдээ, Дорнын чуулган хэмээн нэрлэгдэж VII зуун буюу Тан улсын үед Христийн шашин төрийн шашны хэмжээнд хүртэл өргөмжлөгдсөн гэдэг. Түүнээс хойш IX -X зуунд уг шашин нүүдэлчдийн дунд байр сууриа олсон. IX зууны үеийн Дорнын чуулганы захидал мэдээнд нүүдэлчид, түргүүдийн дотор Христийн шашинтай удирдагч хаан байдаг, түүний овог аймгийнхан Христийн шашинтай байсан тухай анхлан тэмдэглэсэн байдаг. Мэдээж, кинонд гарч буй бүх баримтыг бид 100 хувь баттай гэж хэлж чадахгүй. Харин бидний энэ цаг үед эдгээр баримтыг ингэж үзэж байна гэдэг санааг агуулж байгаа юм. Энэ түүхийг олон хүн мэдээд цааш нь үргэлжлүүлэн судлаасай гэсэн зорилгоор киногоо бүтээсэн” хэмээв.


Дашрамд дурдахад, эдүгээ Монгол оронд Христийн шашны олон урсгал чиглэлүүд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Библи судар монгол хэлээр хэвлэгдээд 170 гаруй жил өнгөрчээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ