Шинэ жилийн арга хэмжээ тараад явж байсан иргэдийг дээрэмдсэн хэрэг гарав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-17 15:40:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ЖАЙКА” ОУБ-ын нэр барьж “хөнгөлөлттэй зээл олгоно”, “өрхийн амжиргааг дэмжих төсөлд хамруулна” гэх мэтээр иргэдтэй холбоо тогтоож, тодорхой хэмжээний хураамж авах гэмт хэрэг бүртгэгдсэн гэж ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү мэдээлэв.

Шинэ жилийн баяртай холбогдуулан сүүлийн үед үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчил, түүнд авсан арга хэмжээний талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөв.

НЦГ-ын Мөрдөн шалгах газрын тасгийн дарга, дэд хурандаа Ч.Болдбаатар, “Нийслэл хотын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 98 мянга 340 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 46 мянга 966 буюу 47.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой автомашины өвлийн дугуйг хулгайлах гэмт хэрэг нилээд гарах боллоо.Эдгээр гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр НЦГ, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд хамтран ажиллаж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон хэрэг үүсгэн шалгаж байна. Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэг үйлсэн 19-24 настай 4 иргэнийг илрүүлсэн. Эдгээр этгээдүүд 25 удаагийн үйлдлээр 100 гаруй ширхэг автомашины өвлийн дугуйг хулгайлж, олон нийтийн цахим сүлжээгээр зарж борлуулж байх үедээ баригджээ. 

Мөн цахим сүлжээгээр өнгөрсөн оноос хойш 9911, 9910, 8811 зэрэг дугаар эзэмшдэг иргэдийн фэйсбүүк хаягаар нэвтрэн орж, дотны хүмүүстэй нь харилцаж, мөнгө зээлдэг байсан иргэн Т-г илрүүлэн шалгаж байна. Гэвч мөрдөн шалгалтын явцад оргон зайлж дахин 25 удаагийн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдэн бусдад 12 сая төгрөгийн хохирол учруулсан.Сүүлийн үед шинэ жилийн баярын арга хэмжээ тарж яваад архи согтууруулах ундаа  хэрэглэсэн иргэдийг өдөж зодолдож эд зүйлийг нь авч зугатаадаг бүлэг этгээдийг баривчилсан байна. Тэд 40 удаагийн үйлдлээр энэ төрлийн дээрмийн хэрэг үйлдсэнийг урьдчилсан байдлаар тогтоосон” гэв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү, “Хөдөө орон нутгаар Олон улсын байгууллагын нэр барьж иргэдийг залилсан хэрэг гарах болсон. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Японы “ЖАЙКА” ОУБ-аас “Шинэ амьдрал” төсөлд хамруулна гэж хоёр иргэнийг залилсан этгээдийг олж тогтоосон.  Тус байгууллагаас ямар нэгэн байдлаар төсөл хөтөлбөрт хамруулахдаа мөнгөн төлбөр нэхдэггүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн” гэв. Тэд орон нутгийн иргэдийн мэдээлэл багатай байдлыг далимдуулж энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг байна. 

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав.

-Загвар өмсөгч талийгаач Ч-гийн хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

-Хан-уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээлэл өгөх боломжгүй ч зайлшгүй тодруулга хийх мэдээлэл байна. Энэ хэрэгтэй холбоотой олон нийтийн сүлжээгээр гадаад улсын иргэнээс ирсэн мэдээлэл, камерын бичлэг, баримт зэргийг шалгахгүй байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Цагдаагийн байгууллагад ирсэн бүх мэдээлэлд холбогдох шалгалт хийдэг. Тухайн иргэний илгээсэн орон сууцны цахилгаан шатны камерын бичлэгт байсан иргэдийг олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулсан ч урьдчилсан байдлаар гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон. Харин тэдгээр иргэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэгтэн гэж зарласанд гомдол гаргасан. Мэдээлэл дэлгэж буй иргэн албан ёсоор хандахгүй байгаа ч цагдаагийн байгууллага тухай бүрт нь шалгаж, нягталж байна. Мөн хавтас хэрэгт цугласан баримт, материалыг сольсон гэх  ташаа мэдээлэл гарч буйг албан ёсоор няцааж байна. Хураасан эд зүйл алга болсон зүйл байхгүй. Хэргийг Прокурорын байгууллагын хяналтанд хуулийн дагуу шалгаж байна.

-Шангри-Ла зочид буудалд АНУ-ын иргэн амиа алдсан талаар мэдээлэл өгнө үү?

Энэ сарын 12-нд Шангри-Ла зочид буудалд гадаад улсын иргэн нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байна. Тухайн иргэний задлан, шүүх шинжилгээний хариу гараагүй бөгөөд шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллага прокурорын хяналтад шалгаж байна. Шалгалтын явцад мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд удахгүй прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгөх болно. 

Холбоотой мэдээ