“Шинэ Ховд” хөрөнгө оруулалтын чуулган хөгжилд хүрэх олон чухал шийдвэр гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-17 13:23:39

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран "Шинэ Ховд" хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганыг энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус чуулганы хүрээнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын, Цeмeнтийн үйлдвэрийн төсөл, жилдээ 50 мянган тн газрын тос боловсруулах бага хүчин чадлын нeфтийн үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх Ховд Агро Парк, Малын гаралтай түүхий эд, мах, арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн цогцолбор, гэр хорооллын айл өрхөд чиглэсэн "Хашаандаа сайхан амьдарцгаая", Тээвэр ложистикийн зэрэг ирэх 2019 оноос хэрэгжиж эхлэх томоохон төслүүдийн талаар танилцуулга мэдээлэл хийж, санал солилцов.

Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав "Шинэ Ховд" хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган нь аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийг тогтвортой хөгжүүлэх, ард иргэддээ амьдрах таатай орчин бүрдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, орон нутагтаа хөрөнгө оруулалт татахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов. Тэрээр энэхүү чуулганд урилгаар оролцсон яам, агентлаг, олон улсын төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгж, компани, бизнесийн байгууллагуудын төлөөлөл, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн гишүүд, баялаг бүтээгчид, аймаг, сумдын удирдлагуудад талархал илэрхийлж, чуулганы хүрээнд гарсан санал санаачлагыг дэмжиж, анхаарч ажиллана гэв.

"Шинэ Ховд" хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганы үеэр Номин сүлжээ дэлгүүрт “Ховдод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн”-ийг борлуулах гэрээ байгуулжээ. Мөн  Говь ХК-ийн захирал, сумдын Засаг дарга нар “Ноолуур” нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Чуулганы гзохион байгуулагчид дээрх төслийн үр дүнд Ховд төдийгүй баруун бүс хямд найдвартай эрчим хүч, шатахуун, барилгын матeриалтай болж агаарын бохирдлыг бууруулах, орон сууцны үнийг 30-40 хувь хямдруулах, олон мянган ажлын байр бий болж, малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээн боловсруулах, иргэд болон малчдын орлого нэмэгдэх сайхан ирээдүй харагдаж байгааг  онцлов.

 

Холбоотой мэдээ