Сирийн мөргөлдөгч талууд хэлэлцээгээ сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-09 10:11:24

ЖЕНЕВ. /RIA Novosti/. Сирид гал зогсоох дэглэм амжилттай хэрэгжиж байгаа энэ үеэр тус улсын талууд хоорондын шууд бус хэлэлцээ Швейцарийн Женев хотод лхагва гарагт буюу өнөөдөр сэргэнэ. Гэхдээ Сирийн мөргөлдөөнийг зохицуулах бүрэн хэмжээний хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 14-нд товложээ.

Сирид гал зогсоох дэглэм тогтоосныг тус улсын сөргөлдөгч талууд хооронд улс төрийн хэлэлцээг сэргээхэд маш чухал урьдчилсан нөхцөл болно гэж үзэж байна. Удаан хугацаанд завсарласны эцэст Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний зарим бүлэглэлийн төлөөлөгчид Женев хотод нэгдүгээр сарын 29-нд уулзсан боловч хоёрдугаар сарын 3-нд дахин завсарлага авсан билээ.

Сөргөлдөгч талуудын хэлэлцээ хоёрдугаар сарын 25-нд сэргэх төлөвтэй байсан боловч хэд хэдэн удаа хойшлогдсон юм.

Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистурагийн мэдэгдсэнээр, Сирийн сөргөлдөгч талуудтай хийх түүний албан ёсны ажил гуравдугаар сарын 9-нд үдээс хойш эхэлнэ. Де Мистура болон түүний баг энэ өдөр Женев дэх НҮБ-ын салбарт хүрэлцэн ирэх хэлэлцээ хийх сонирхолтой бүх талтай яриа хэлцээ хийхэд бэлэн байна. Үүнээс гадна, лхагва гарагт гал зогсоох болон Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудал хариуцсан зорилтот бүлгүүдийн ээлжит хурал болох аж.

Гэхдээ Сирийн мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээ ирэх долоо хоногийн даваа гарагт буюу гуравдугаар сарын 14-нд эхлэх бөгөөд энэ удаа хэлэлцээнд уригдсан бүх төлөөлөгч Женевт хүрэлцэн ирэх ёстой байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ