Төрийн байгууллагууддын үйл ажиллагааны талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-08 21:55:23

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төрийн байгууллагуудад өгөх иргэдийн сэтгэл ханамжийн суурь үнэлгээг тогтоох судалгааг энэ чиглэлээр мэргэшсэн “Эм эс си ай компани хийсэн байна. Нийтдээ 12 бүлгийн 62 үзүүлэлтээр үнэлж, нийт хүн амын 3 хувь буюу 1657 иргэнийг энэхүү судалгаанд хамруулжээ.

Судалгааны хувьд 80 гаруй асуулт бүхий стандартын асуумжаар авсан бөгөөд сар хагасын хугацаанд хийгдсэн уг судалгаагаар хэрэглэгчийн төрийн байгууллагад өгсөн үнэлгээг 5 баллаар дүгнэжээ. Тодруулбал, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл ханамжийн түвшин 3.08 балл гарсан нь Увс аймгийн ард иргэд төр засгийн байгууллагадаа сэтгэл ханамж дунд түвшинд байгааг харуулсан байна.

Сэтгэл ханамжийн үнэлгээг дэд үзүүлэлтээр нь авч үзвэл батлан хамгаалах, эрүүл мэнд болон орчны үнэлгээнд судалгаанд оролцсон иргэд хамгийн өндөр үнэлгээг өгчээ. Харин цаашид зайлшгүй анхаарах шаардлагатай ерөнхий сэтгэл ханамжаас доогуур үзүүлэлттэй нь уул уурхай, дэд бүтэц болон ажил эрхлэлт, нийгмийн даатгалын асуудлууд байна. Мөн үүний дараагаар засаглалын үзүүлэлтүүдэд анхаарах шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар, урлаг соёлын үйлчилгээ, нийтийн биеийн тамирын байгууламжийн асуудалд сэтгэл ханамж дундаас доогуур үнэлгээ өгсөн байна.

Дотооддоо бус хөндлөнгийн байгууллагаар Увс аймгийн төрийн байгууллагуудад иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг хийлгэсэн нь илүү бодитой хариу гарахад нөлөөлсөн гэж мэргэжийн хүмүүс онцолж байлаа. Мөн цаашид шат шатандаа төрийн байгууллагууд ажил үйлчилгээгээ илүү ил тод, нээлттэй болгох, ард иргэддээ танилцуулдаг, тайлагнадаг асуудалд анхаарах шаардлагатай юм байна гэж үзжээ.

 

Холбоотой мэдээ