Мөрдөн байцаах албаныхан тэтгэвэрт гарч буй алба хаагчиддаа хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-03 16:39:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөрдөн байцаах албаны хамт олон ЦЕГ-ын даргын тушаалаар цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй  алба хаагч нартаа хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг өнгөрөгч баасан гарагт зохион байгуулав.

Энэ үйл ажиллагаанд Мөрдөн байцаах албаны удирдлагууд,  алба хаагчдын төлөөлөл, тэдний гэр бүл үр хүүхдүүд оролцож, албаныхаа тугийг залан, ёслолын жагсаал жагсан баяр хүргэв.



Мөн цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй алба хаагчдад "Монгол цагдаа" медалийг тус албаны дарга Д.Отгонжаргал гардуулан өгч, дурсамж яриа өрнүүлэн цаашдын ажил амьдралд аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэв.

Энэ үеэр  тэтгэвэрт гарсан алба хаагчдын сэтгэгдлийг сонлоо.



Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн мэдээлэл судалгаа, дүн шинжилгээ хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч, хурандаа Д.Сүрэн: “Миний хувьд анх Сүхбаатар дүүргийн  цагдаагийн хэлтэст 1995 онд  дэслэгч цолтой томилогдсноос хойш улсад 27 жил ажиллажээ. Үүнээс Мөрдөн байцаах албандаа 23 жил хоёр сар ажиллаад өөрийн хүсэлтээр цэргийн байнгын тэтгэвэрт гарч байна. Ахлах мөрдөгч, тасгийн дарга, хэлтсийн дарга гээд цагдаагийн байгууллагын нэгжээс  ажлын гараагаа эхлэн ажилласан газар бүртээ сайхан хамт олонтой ажиллаж явснаа энэ өдөр эргээд дурсахад сайхан. Энэ хугацаанд үе үеийн удирдлагуудаас  их зүйл сурч мэдэж, хамт олонтойгоо олон ажлын ард гарсан. Цаашид ч энэ албандаа зүрх сэтгэлээ зориулж явна”



Хяналт шалгалт хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Д.Болормаа: “Хүн бүхэнд мартахын аргагүй сайхан өдөр байдаг. Өнөөдөр бол миний энэ өдрүүдийн нэг боллоо. Би анх Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтэст дэслэгч цолтой  мөрдөн байцаагчаар томилогдож, Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэс, Чиглэлийн ахлах мөрдөгч, Зохион байгуулалттай тэмцэх газар ахлах мэргэжилтэн гээд  өнөөдрийг хүртэл эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн олон хариуцлагатай алба хашиж байлаа. Хамгийн гол нь зөвхөн энэ албандаа 20 гаруй жил ажилалаа.  Миний аав Монгол улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа С.Дамдин бол манай албаны хамт олны бахархал болсон сайхан буурал. Би аавынхаа ажил мэргэжлийг өвлөн авч, нэр төртэй биелүүлэн  ажилласандаа сэтгэл өндөр байна. Хамт олон маань биднийг цэргийн байнгын тэтгэвэрт гарахад ингэж хүндэтгэл дүүрэн гаргаж өгч байгаад  баярлаж, сэтгэл их хөдлөж байна”



Хяналт шалгалт хариуцсан ахлах мөрдөгч, дэд хурандаа Л.Лхагвадорж: “Би анх 1998 онд  Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар томилогдож  байлаа. Миний томилогдсон өдөр төрсөн өдөр маань таарч их л баяр хөөртэй, хамт олонтойгоо бялуу хувааж идэж байсан маань саяхан. Энэ өдрүүдээс хойш өнөөдрийг хүртэл цагдаагийн албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж ирлээ. Их зүйл сурч, олон сайхан насан туршийн анд нөхөдтэй болсон доо.  Цэргийн  байнгын тэтгэвэрт гарах нь нэг үгээр хэлбэл хоёр дахь амьдрал эхэллээ гэж  ярихыг би сонсож байсан. Энэ үгтэй би санал нэгтэй байна. Цаашид  эгэл жирийн иргэний хувиар ажиллаж, амьдарч албандаа зүрх сэтгэлээ зориулна гээд олон л зүйл бодогдож байна. Хүний амьдралд тохиож болох бүхнийг инээмсэглэлээр  даван туулж яваарай” гэлээ.

Холбоотой мэдээ