Хичээх өдрөөр зам тээврийн осол 50 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-30 16:35:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээх өдрөөр зам тээврийн осол 50 хувиар буурсан үзүүлэлт гарсныг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат мэдээлэв.

ТЦА, НЗДТГ-тай хамтран өчигдрийг “Хичээх өдөр” болгон зарлаж иргэд, жолооч нарыг дүрмээ зөрчихгүй, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан. Тус өдөр Монгол Улсын хэмжээнд бүх замын цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажилласан. Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвөөс “Хичээх өдөр”-ийн хүрээнд гарсан үр дүнг танилцуулав.


ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат, “Улсын хэмжээнд зам тээврийн ослоор өдөрт 2 хүний амь нас хохирч, 15-20 хүн бэртэж гэмтдэг. Эл өдөр хүний амь нас хохирсон хэрэг бүртгэгдээгүй бөгөөд зам тээврийн ослоор 4 хүн бэртэж гэмтсэн байна. Үүнээс иргэд, замын хөдөлгөөнд оролцогчид өдөр бүр замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүйг хичээх юм бол энэ тоо дахиад ч буурна гэж харж байгаа. Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийн суурин газрын гадна, дотор гэж ангилан авч үздэг. Суурин газрын гадна буюу орон нутгийн замд ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, зорчигчийг буруу тээвэрлэсэн зэрэг зөрчлөөс зам тээврийн осол гардаг . Харин Улаанбаатар хот дотор өдөрт 510 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог бөгөөд тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, уулзвар нэвтрэх үйлдэл буруу хийсэн, мөн л зочигчийг буруу тээвэрлэсэн зөрчлөөс үүдэн зам тээврийн осол гарч байна. Иймд замын хөдөлгөөний шинэ дүрмээ баримтлаад дээрх зөрчлийг гаргахгүй бүх өдөр хичээгээд хөдөлгөөнд оролцвол зам тээврийн ослын тоог өндөр хувиар бууруулах боломжтой” гэлээ.

"Хичээх өдөр"-ийн хүрээнд  ТЦА-ны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийг сурталчлах, хяналт тавих, мөн осолд холбогдол бүхий эвдэрч хэмхэрсэн тээврийн хэрэгслийн цувааг тодорхой маршрутаар явуулж иргэдэд зам тээврийн ослын хор уршгийг сэрэмжлүүлсэн юм. Мөн аймаг, орон нутаг, дүүргүүдийн ЗДТГ-ын ажлын албаны ажилтан, алба хаагчид, их, дээд сургуулийн оюутан залуус гудамж замд хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцох талаар уриалж жагссан.

Холбоотой мэдээ