Хэнтийн "Урагшаа" сонин 70 нас хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-11-29 16:30:18

Хэнтий /МОНЦАМЭ/ Тэртээ 1948 оны тавдугаар сарын нэгэнд анхны дугаараа хэвлэж байсан Хэнтий аймгийн “Урагшаа” сонин энэ жил 70 насны ойтойгоо золгож байна.


МАХН-ын Төв Хорооны 1948 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 12 тоот тогтоолын заалтын дагуу Хэнтий аймгийн намын хороо, Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа өөрийн сонинтой болж, анхны дугаар нь хагас хэвлэлийн хуудсаар 1500 хувь хэвлэгдэн гарч, тус аймгийн хэвлэх үйлдвэрийн суурь тавигдсан түүхтэй.


Анх хариуцлагатай эрхлэгчээс гадна хянагч, хэвлэгч, үсэг өрөгч хоёр, бүгд таван орон тоотой, ганц Тигель машинтай байгуулагдсан “Урагшаа” сонины газар хөгжлийнхөө оргил үе болох 1988 онд редакцдаа хариуцлагатай эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, сурвалжлагчид, гэрэл зурагчин, хянагч, бичээчийн орон тоотой болж өргөжжээ. Түүнчлэн өрөх, хэвлэх, дэвтэрлэх, цайр зургийн тасагтай бүгд 35 ажиллагсадтай, өдөрт 25-30 мянган үсгийн тэмдэгт өрдөг Н-140 линотип машин, өдөрт 10-30 мянган хэвлэлийн даралт хуудас үйлдвэрлэдэг ПС-1, ПСА-3 зэрэг өндөр хүчин чадалтай хэвлэлийн машин техник бүхий орчин үеийн хэвлэх үйлдвэртэй болтлоо өргөжин хөгжсөн аж.


“Урагшаа” сонин бүтэн хэвлэлийн хуудсаар долоо хоногт хоёр удаа 8000-10000 хувиар хэвлэгдэн гарч нам засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, аймаг орон нутгийн тулгамдсан зорилтыг шийдвэрлэх, өөрчлөн байгуулалтын туршлагаас бүтээлчээр суралцаж ардчилал ил тод байдлыг хөгжүүлэхэд нийтлэлийн бодлогоо чиглүүлж байжээ.


“Урагшаа” сонины  хариуцлагатай эрхлэгчээр Гэрэлийн Пүрэвдагва /1948-1952/, Ж.Шагдарсүрэн /1953-1955/, Норжингийн Хасбазар /1955-1981/, Сандагдоржийн Пүрэвсүрэн /1981-1987/ Лувсангийн Ожгоош /1987-1991/, Индэрсүрэнгийн Байгалмаа /1991-1997/, Хээшигийн Ариунбаатар /1997-1998/ онуудад тус тус ажиллаж байв. Дараа нь хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу сонины нэрийг “Хэнтий ньюс” болгон өөрчилж, Батмөнхийн Адъяахүү эрхлэн гаргаж байсан байна.


1982, 1984 онд улсын хэмжээнд орон нутгийн сонинуудаас “Урагшаа” сонины редакц тэргүүн байранд шалгарч байсан нь Хэнтий аймгийн архивт түүх болон үлджээ.

Холбоотой мэдээ